Зуны улирал ойртож хүүхдүүд амралтаа хүлээж хөөрөн баясах энэ үед сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэгчид эд ажилдаа шамдан ордог. Есдүгээр сард хичээл сургууль орохтой зэрэгцэн сурагчдын дүрэмт хувцсыг шүүмжлэхэд хэтэрхий оройтсон байдаг. Иймд энэ жилийн сурагчдын дүрэмт хувцасны чанар ямар байсан тухай асран хамгаалагчдын байр суурийг тодрууллаа.
32-р сургуулийн бага ангийн сурагчийн асран хамгаалагч Б.Дэмбэрэлням: Сурагчдын дүрэмт хувцасны хийц чанаргүй муу байдаг. Би бага ангийн ачтай. Тэдний дүрэмт хувцасны оёдлыг дахин бэхэлж оёхгүй бол амархан урагдах гээд байдаг. Мөн цамц нь /поло/ угаахад агшдаг юм билээ. Манай хүүхдийн цамц намраас хойш маш их багадсан. Уг нь хүүхдийн өсөлт тийм огцом явагдаагүй юм. Яагаад ийм чанаргүй байдгийг сайн ойлгодоггүй. Уг нь дотооддоо үйлдвэрлэдэг байж чанартай хийх боломжтой шүү дээ.
32-р сургуулийн бага ангийн сурагчийн асран хамгаалагч Д.Оюунцэцэг: Чанарын хувьд муу л гэнэ. Бидний багад өмсдөг байсан бор форм маш сайн чанартай байсан. Одоо материал муу амархан бөөсөрч, бөөгнөрдөг болсон билээ.
32-р сургуулийн бага ангийн сурагчийн асран хамгаалагч Д.Тунгалагтуул: Олон үйлдвэрлэгч байгаа шүү дээ. Чанартайг нь сонгочихвол гайгүй санагдсан. Миний зээ охиндоо сонгосон дүрэмт хувцас одоогоор урагдаж, элэгдээгүй байна. Манай зээ охин нэгдүгээр анги тул хөдөлгөөн ихтэй. Тэгэхэд зүгээр л байна. Чанаргүй нь хэт нейлон материалтай тул хүүхэд хөлрөх, тухгүй байдал үүсгэдэг юм билээ.
Сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэдэг компаниуд Боловсролын яамнаас батлагдсан загвар, өнгө, материалаар стандартын дагуу үйлдвэрлэж наймдугаар сарын 10-аас эхэлж өргөнөөр худалдаалдаг. Гэвч жил бүр сурагчдын дүрэмт хувцсыг ямар компани үйлдвэрлэснээс хамаарч оёдол, хийц, материал, чанарын хувьд харилцан адилгүй байдаг байна. Сурагчдын асран хамгаалагчдын хэлж байгаагаар “Дүрэмт хувцасны материал амархан бөөсөрч, элэгддэг сул талтай байна” гэлээ.
Харин сурагчдын дүрэмт хувцасны үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд нэмэгдээгүй байна.
Өнгөрсөн намар бага ангийн эрэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 158 мянга, эмэгтэй нь 111 мянга, дунд ангийн эрэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 191 мянга, эмэгтэй сурагчийнх 186 мянга, ахлах ангийн эрэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 225 мянга, эмэгтэй сурагчдынх 206 мянган төгрөгөөр худалдаалж байв. Үйлдвэрлэгчдээс энэ жил формын үнэ нэмэгдэх талаар тодруулахад, “Үнийн хувьд нэмэгдэх үгүй нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна