17-хон настайдаа урлагийн тайзнаа хөл тавьж, олны танил болсон бүсгүй бол П.Шүүдэрцэцэг. Өнөөдөр тэрээр урлагт 17 жилийг ардаа үдэж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин, инфлүүсэр болсон юм. Гэвч түүний амжилтын цаана өнгөц харахад анзаарагддаггүй олон шарх, гомдол, бас өөртэйгөө хийсэн хатуу амлалтууд нуугддаг.
Түүнийг тавхан настай байхад аав нь гэр бүлээсээ явж, ээж нь охиноо хүн болгохын тулд ажил хийж амьдралын төлөө зүтгэхээс өөр аргагүй болсон учир бяцхан охин эмээ, өвөө, нагац эгчийнхээ гар дээр өсчээ. Эмээ өвөөгийн хайранд дутаж үзээгүй ч “яагаад намайг орхиод явсан юм бол” гэсэн хүүхдийн гомдол түүний дотор олон жил хадгалагдсан байдаг.
Дундаж амьдралтай айлд өссөн түүний хувьд “май” гээд атгуулчих хөрөнгө, байр машин, бэлэн боломж байсангүй. Гэхдээ түүнд илүү үнэтэй зүйл байсан нь гэр бүлийнхнийх нь итгэл, дэмжлэг байв. Түүний хүсэл мөрөөдлийг хэн ч шоолж, хориглож байсангүй. Харин ч “чи чадна” гэсэн итгэлийг өгч өсгөжээ. Шүүдэрцэцэг “Надад суурь хөрөнгө өгөөгүй ч мөрөөдлийг минь дэмжсэн нь юутай ч орлуулшгүй баялаг байсан” хэмээн дурсан ярьсан.
Амьдралынхаа “жанжин шугам”-ыг тэр хэзээ ч алдаагүй. Эхнэртэй хүнтэй учрахгүй, айлын гэр бүл үймүүлэхгүй, хүүхэд өнчрүүлэхгүй, архи тамхи, хар тамхи хэрэглэхгүй, шоу цэнгээнд автахгүй гэсэн өөртөө өгсөн амлалтаасаа тэр хэзээ ч ухарч байгаагүй. Олны танил, залуу, үзэсгэлэнтэй охинд баян, нөлөө бүхий хүмүүсийн санал олон ирдэг байсан нь мэдээж. 17 настай байхад нь хүртэл ахимаг насны чинээлэг эрчүүд амраг болох санал тавьдаг байжээ. Гэвч тэр нэг ч удаа зөвшөөрөөгүй. “Тэр үед зөвшөөрсөн бол өнөөдрийн би байхгүй байх байлаа, өөрийгөө олоогүй байхдаа өөрийгөө алдчих байлаа” гэж тэр ярьсан.
Түүний амьдралын бүхий л зүйл олны нүдэн дээр өрнөдөг. Анхны хайр, үерхэл, салалт, гэрлэлт хүртэл хүмүүсийн ярианы сэдэв болсон. Тэр анхны хайр болох Темпо-гийн тухай ярихдаа “Бид хоёр анхны гэх бүх зүйлээ бие биедээ зориулсан. Бодоод байхад хүнд шархалмаар зүйл ч байдаггүй, их гэгээн үерхэл байсан” хэмээн дурссан.
Гэвч дараагийн харилцаа нь түүнд айдас, дарамт, шаналал авчирсан байна. Тэрээр жүжичгин Э.Тодгэрэл-ээс салахын тулд л Америк руу явжээ. Учир нь түүнээс үнэхээр айдаг байсан аж. “Салъя гэхэд ална гэж сүрдүүлдэг, гар хүрдэг байсан. Би яг Ларьмагийн амьдралаар амьдарч байсан” хэмээн тэр илэн далангүй ярьсан. Хэдийгээр салсан ч нууцаар бэр гуйж байсан аж. Харин тэр энэ тухайгаа “Түүнээс салсан минь миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан” гэж дүгнэсэн юм.
Харин Америкт очсоноосоо хоёр жилийн дараа тэр одоогийн нөхөртэйгөө учирчээ. Энэ учралыг тэр “амьдралын минь хамгийн том бэлэг” хэмээн тодорхойлдог. Өдгөө тэр нөхөр, ээж, хоёр нохойнхоо хамт аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд насандаа ээждээ хадгалж явсан гомдол нь ч аль хэдийн арилжээ. Одоо харин ээжтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, хамтдаа олон дурсамж бүтээхийг хүсдэг болсон байна.
Түүний сэтгэлд аавтай холбоотой хоосон орон зай үлдсэн хэвээр. Тиймдээ ч хуримынхаа өдөр аавынхаа гараас хөтлүүлэн алхахыг хүсээгүй. “Миний амьдралын замд хөтлөөгүй хүн нөхөрт минь хөтөлж өгөх эрхгүй” гэж тэр шулуухан хэлсэн. Гэхдээ тэр аавыгаа үзэн яддаггүй. Өдгөө холбоотой байдаг бөгөөд цагаан сараар очиж золгодог ажээ.
Шүүдэрцэцэгийн түүх бол зүгээр нэг олны танил жүжигчний амьдрал биш. Энэ бол өөрийгөө алдахгүй авч үлдэхийн төлөө тэмцсэн эмэгтэйн түүх. Тэр бүх амжилтаа эргэн хараад “Жижиг амжилт байсан ч би баярладаг. Учир нь би үүнийг хэний ч тусламжгүйгээр, цэвэр өөрийнхөө гараар бүтээсэн” гэж хэлсэн.Түүний бахархал нь алдартай болсон явдалдаа биш, харин амьдралынхаа өмнө нүүр бардам зогсож чаддагт оршдог биз ээ.
Ингээд түүний оролцсон “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна