Олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа этгээдэд Улсын бүртгэгч гадаад паспорт гаргаж өгчээ

Admin
2026/04/30

Шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Тухайлбал Б.М нь … дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгчээ. Бусдад давуу байдал бий болгосон уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна