Махны үнэ түнтийж, иргэдийн түрийвч хоосорсоор...

Admin
2026/05/05

Мал аж ахуй нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн тулгуурын нэг бөгөөд хүн амын гол нэрийн хүнсээр нэрлэгддэг. 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон нь энэ салбарын цар хүрээг хангалттай илтгэнэ. Гэвч бодит байдал дээр монголчууд өөрсдийнхөө баялгийг хамгийн өндөр үнээр худалдан авч байна.

Махны үнэ сүүлийн таван жилд байгаагүйгээр өсөж, өнөөдөр үхрийн шинэ мах 38,000 төгрөг, хөлдүү мах 34,000 төгрөгт хүрээд байна. Малын тоо толгой өссөн атал махны үнэ өссөнг мах худалдаачид “хомсдол” хэмээн тайлбарлаж буй.  Жил бүр хаврын улиралд зуд зурхан, ямаа самналттай холбоотойгоор нийлүүлэлт багасдаг ч энэ жилийнх шиг үнийн өсөлт урьд өмнө тохиож байгаагүй юм. 

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байж, Монгол Улс махны экспортоо нэмэгдүүлсээр байна. 2024 онд 71.1 мянган тонн, 2025 он гарсаар 9 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон нь бодлогын зөрчилтэй байдлыг илтгэнэ. Иргэд өндөр үнэтэй мах авч байхад экспорт нэмэгдэж байгаа нь “эхлээд дотоодын хэрэгцээг хангах ёстой” гэсэн энгийн зарчим алдагдсаныг харуулж байгаа юм. Нөгөө талаас, малчид махаа кг тутмыг 18,000 -20,000 төгрөгөөр борлуулж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв энэ үнэн бол эцсийн хэрэглэгчид хүрэхдээ үнэ хоёр дахин өсөж байгаа нь дундах дамжлагууд, ченжүүдийн хяналтгүй үнийн өсөлтийг илтгэнэ. Зах зээлийн жам гэх нэрийн дор хэт ашиг хайсан, зохицуулалтгүй худалдаа газар авсаар байна.

Ийм нөхцөлд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Гэтэл нөөцийн махны үнийг хүртэл нэмэх шийдвэр гаргасан нь бодлогын хувьд ойлгомжгүй, бүр эсрэг чиглэлтэй алхам боллоо. Нөөцийн мах бол үнийг тогтворжуулах, иргэдийг хамгаалах механизм байх ёстойгоос биш зах зээлийн өсөлтийг даган “нэмэх” бүтээгдэхүүн биш юм.  Мал аж ахуйн орон атлаа махны үнэ ийм өндөр байгаа нь бодлогын алдаа, , хяналт дутуугийн үр дүн юм.Үнэ тогтворжуулах бодлого хаана байна вэ? ХХААХҮЯ бодитой арга хэмжээ авч байна уу?

Үүн дээр нэмээд нэг ноцтой үр дагаврыг анхаарах хэрэгтэй. Махны үнийн өсөлтөөс шалтгаалан иргэд хямд орлуулах хүнс рүү шилжиж, импортын тахиа, гахайн махны хэрэглээ эрс нэмэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэлийн стандарт, тэжээл, технологийн талаар ил тод мэдээлэл дутмаг байдаг нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг дагуулж болзошгүй. Зарим тохиолдолд генийн өөрчлөлттэй тэжээлээр өсгөсөн мал, шувууны мах хэрэглэж байгаа гэх болгоомжлол ч нийгэмд бий. Энэ нь зөвхөн үнэ төдийгүй иргэдийн эрүүл мэнд, ирээдүйн хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм.

Монголчууд бид мах, сүүгээ өөрсдөө үйлдвэрлэдэг хэрнээ тансаг хэрэглээ мэт үнээр худалдан авч, улмаар чанар, аюулгүй байдал нь эргэлзээтэй импортын бүтээгдэхүүн рүү шахагдаж байгаа нь гутамшигтай. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш, хүнсний аюулгүй байдал, нийгмийн асуудал юм. Хэрэв өнөөдөр энэ асуудлыг зоригтойгоор хөндөж, бодлогоо засахгүй бол маргааш Монголчуудын хүнсний хэрэглээнээс мах хасагдаж, гурил будаа төмсний л орцтой илчлэг тэжээлгүй хоол идэх цаг ойртож байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна