Хотын даргын захирамжаар хүчингүй болгосон барилгын зөвшөөрлийг дахин авч, барилгын ажлаа үргэлжлүүлж буй гэх асуудалтай холбогдон иргэн Д.Урантуяа болон түүний нөхөр Б.Эрдэнэбаатарын талаарх анхаарал татсан мэдээллүүд гарч байна.
Тодруулбал, Д.Урантуяагийн нөхөр Б.Эрдэнэбаатар нь “Их сангийн далай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд тус компани 2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн зээл авчээ. Гэвч уг зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүйгээс болж улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр 2023 онд Төрийн банк ХК-тай иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэн шалгагдаж байсан байна.

Б.Эрдэнэбаатар
Мөн Д.Урантуяа нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ЮНЕСКО-гийн гудамжинд “240 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулна” хэмээн танилцуулж, холбогдох барилгын зөвшөөрлүүдээ авчээ. Гэвч бодит байдал дээр “Дипломат оффис” нэртэй үйлчилгээний зориулалттай барилга баригдсан байна. Тус объектод өмнө нь “Temple” нэртэй шөнийн клуб ажиллаж байсан бөгөөд одоо хоолны газар, оффис, караоке, стрип клуб зэрэг үйлчилгээ явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зориулалтаар зөвшөөрөл авсан объект өнөөдөр огт өөр чиглэлтэй үйлчилгээний төв болжээ.

Энэхүү зориулалтын өөрчлөлтийг холбогдох байгууллагууд шалгаж байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Үүнээс гадна Д.Урантуяа нь мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 668 мкв өмчлөлийн газартай бөгөөд уг газартаа “Хүүхэд хөгжлийн төв” барина гэсэн нэрээр барилгын зөвшөөрөл авчээ. Гэвч тухайн газрын эрх зүйн зориулалт нь орон сууц, үйлчилгээний барилга барих нөхцөлгүй байхад зөвшөөрөл олгогдсон гэх асуудал мөн хөндөгдөж байна.

Д.Урантуяа
2021 онд газар шорооны ажил эхлэх үеэс оршин суугчид эсэргүүцэл илэрхийлж, шүүх болон хяналтын байгууллагад хандсан байна. Улмаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн 2023 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгын зөвшөөрөлтэй холбоотой актыг хүчингүй болгожээ. Гэвч Д.Урантуяа шүүхэд хандаж, улмаар дахин барилгын зөвшөөрөл авсан байна.

Барилга хоорондын зай хэмжээ, зориулалт, стандарт нормыг зөрчсөн гэх уг барилгад яагаад дахин зөвшөөрөл олгов? Түүнчлэн Онцгой байдлын байгууллагаас тухайн байршилд барилга барих нь галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан ч шүүхийн шийдвэрийн дараа барилгын ажил дахин эхэлжээ.

Оршин суугчдын ярьж буйгаар Д.Урантуяагийн аав Дорж нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бол төрсөн дүү Уранбаяр нь мөн хууль, хяналтын байгууллагад ажилладаг тул нөлөө бүхий “ар тал”-тай хэмээн үзэж буй аж.
Мөн тухайн барилга нь нийтийн эзэмшлийн талбай болон “Юнайтед Апартмент” хотхоны СӨХ-ийн эзэмшлийн хэсгийг хашаалан ашиглаж, газар ухсан гэх мэдээлэл байна. Үүний улмаас тус хотхоны оршин суугчид нарийн гарцаар зорчих болсон бөгөөд иргэдийн тав тух төдийгүй аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж байгаа юм.

Хэрэг, явдал үүгээр дуусахгүй... 2023–2024 онд “Дипломат оффис”-ын талбайг барьцаалан хувийн зээл авч, улмаар өр төлбөрийн асуудлаар шүүхэд дуудагдаж байсан гэх мэдээлэл бий. Шүүхийн баримтад 761 сая төгрөгөөс давсан өр төлбөрийн маргаан дурдагдсан байна.
Ийнхүү нийслэлийн удирдлагаас хүчингүй болгосон барилгын зөвшөөрөл хэрхэн дахин сэргээгдэв, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон оршин суугчдын эсэргүүцэл байсаар атал барилгын ажил яагаад үргэлжилж байна вэ гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Энэ бүхний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай юм.
Хэрэв тухайн орчимд гал түймэр зэрэг ноцтой эрсдэл үүсэж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ? ЖДҮ-ийн зээл төлөгдсөн үү? Бид эргэн сурвалжлах болно.
Сэтгэгдэл (7)