Зам, тээврийн яамнаас 100 хувь цахилгаан буюу BEV, EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгоно гэдэг мэдээллийг тавдугаар сарын 1-нд өгсөн.
Тэгвэл цахилгаан машин цэнэглэх станцууд Улаанбаатар хотын хэмжээнд хэр байгааг сурвалжиллаа. Ингэхэд Монгол улсад ойролцоогоор цахилгаан автомашин цэнэглэдэг 12 цэг байна. Үүний 3 нь түргэн цэнэглэгч бол үлдсэн 9 нь 7 КВ буюу гэртээ цэнэглэдэг цэнэглэгч байна. Тодруулбал, Талбайн зүүн талын Gallery төвийн гадна зогсоолд, Shangrilla төвийн зогсоолд, Энхтайвангийн гүүрний доорх Петровис клонк гэх гурван газар л цахилгаан машин цэнэглэх үүсгүүрүүд байлаа. Энэ нь 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод эко машины хэрэглээг дэмжихэд хангалтгүй тоо юм. Ялангуяа эдгээр цэнэглэх үүсгүүрүүдийн хомсдол нь Улаанбаатар хотын захын дүүргүүдэд, ажиллаж амьдардаг хүмүүст 100 хувийн цахилгаан автомашин худалдаж авч хэрэглэхэд хүндрэл үүсгэдэг байна.
“Петровис групп ХХК”-ийн Нефт хангамжийн ахлах оператор Б.Төгсжаргал: Манай шатахуун түгээх станцад нийт гурван цахилгаан машин цэнэглэгч байдаг. Хоёр сарын өмнө Энхтайвангийн гүүр доорх Петровисын салбарын цэг шатаж, ажиллахаа больсон. Уг нь энэ цэнэглэх цэг ажиллаж байхдаа их олон машин ирдэг байсан. 24 цаг тасралтгүй цахилгаан машинтай жолоочид дугаарлан, машинаа цэнэглээд явдаг. Ер нь ачаалал ихтэй. Үнийн хувьд 1КВ нь 1000 төгрөг гэдэг. Нэг хэрэглэгч ойролцоогоор 50 мянган төгрөгт машинаа дүүртэл цэнэглэдэг. Үнийн хувьд ч бензин машинаас хамаагүй хямд ч хотод цэнэглэх цэгүүд хүрэлцээгүй байна гэж би хардаг.
Бензин, хосолмол хөдөлгүүртэй автомашинтай харьцуулбал цахилгаан машины хэрэглээний зардал 60 орчим хувиар бага байдаг.
Энэ нь иргэдийн санхүү, болон байгаль экологид ээлтэй шийдэл болж байгаа. Гэхдээ нөгөө талаар нэг цахилгаан машиныг бүрэн гүйцэт цэнэглэх хугацаа 20-40 минут байдаг тул жолоочид оочир дараалал үүсгэн, цаг их зарцуулдаг. Иймд Засгийн газар, Нийслэл цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд зөвхөн ногоон дугаар олгоод зогсохгүй цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, цэнэглэх цэгүүдийг олшруулах тал дээр анхаарч цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна