Манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тээвэрлэх, худалдаалах, хэрэглэх хуулиар хориотой байдаг. Гэвч энэ төрлийн хууль бус далд бизнес бидний дунд байсаар байгаа төдийгүй технологийн тусламжтай илүү нарийн, боловсронгуй аргаар борлуулагдсаар байна.
Нэгхэн жишээг дурдахад, Mongol… гэх сайтаар MEF гэх нэршилтэй хар тамхийг худалдаалж байна. Тус сайтад шууд нэвтэрч болдоггүй бөгөөд хориотой сайтад нэвтрэх VPN-ээр дамжин орж, телеграммаар холбогдох боломжтой аж. Телеграм дээрх хаягаар холбогдсоны дараа хар тамхины хэмжээ үнэ, хүргүүлэх хаяг зэргийг сонгон, төлбөр хийдэг байна. Тэнд мэдээлснээр 10гр MEF 49020 рубль буюу 2 сая гаруй төгрөг, 5гр MEF 25110 рубль буюу нэг сая гаруй төгрөгөөр худалдаалж байлаа. Үүнээс гадна худалдан авагч, хэрэглэгчдийн сэтгэгдлийг ч телеграм хуудаснаа нээлттэй мэдээлжээ.


Олон улсын эрүүл мэндийн мэдээллийн сайтууд болох medlux.net, pubmed central гэх эх сурвалжид “MEF гэдэг нь хар тамхины нэг төрөл бөгөөд кокаинтай төстэй хүчтэй синтетик өдөөгч бодис. Үүнийг хэрэглэсэн хүн өөрийгөө хянах чадваргүй болж хэн нэгний хүчирхийлэлд өртөх, зүрхний шигдээс, параной, сэтгэцийн өвчинд өртөх эрсдэлтэй байдаг” гэж дурджээ. Энэ бодисыг Европын ихэнх улсууд, АНУ-д худалдаалж, хэрэглэхийг хориглодог байна.
Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй тус сайтыг ОХУ-ын ах дүү хоёр эзэмшин, хар тамхи худалдаалдаг байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба шалгалтаар илрүүлж Монгол улсын иргэн нэвтрэх боломжгүй болгож хаалгажээ. Энэ мэтчилэн сүүлийн жилд интернэтээр нууц аргаар мэдээлэл солилцон хар тамхи худалдаалах худалдан авах гэмт хэрэг нэмэгдсээр байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу: 2026 оны нэгдүгээр улиралд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 149 удаагийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онын мөн энэ үетэй харьцуулбал 2.3 дахин хувиар өссөн. Хэдийгээр хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өссөөр байгаа ч Цахим хөгжлийн яам, ТЕГ, ЦЕГ хамтран тухай бүрд шуурхай илрүүлж, арга хэмжээ авч, ажиллаж байна.
Энэхүү мэдээллээр технологийн хөгжлийг буруутгаж, гэмт хэрэгтэн, хэрэглэгчдийг сэдэлжүүлэх гэсэнгүй. Хамгийн гол нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насны залуу үеийнхэн өртөж, технологийн тусламжтай нарийн аргаар худалдан авалт хийх болсон тул хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хянах, шалгах, өдөр тутамдаа хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогт тулгуурлан ярилцах шаардлагатай байгааг сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Гэмт хэрэгтнийг сэдэлжүүлэхгүй байх зорилгоор тус хууль бус сайтын нарийн мэдээллийг нууцлав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна