Д.Түмэнжаргал анх бүжгийн багш байжээ. Тэрээр өөрийнх нь шавь болж ирсэн залуутай амьдралаа холбосон байна. Хамтын амьдралынхаа хугацаанд тэд гурван хүүгийн эцэг эх болж, “Золотой мир” аяллын компанийг хамтдаа байгуулан, ажил амьдралаа зэрэгцүүлэн цэцэглүүлж явжээ.
Гэвч гаднын харилцаа тэдний амьдралд сүүдрээ тусгаж, эцэст нь салалтад хүргэсэн байна. Гэр бүл бүтэн байх ёстой гэсэн үзэл бодолтой байсан нөхөр нь нэгэн мөчид тэр итгэлээсээ ухарч, гурван хүүгээ орхих шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн хамтдаа босгож, хөгжүүлсэн компаниа өөртөө үлдээн, эхнэрээ ажлаас нь гаргасан нь Түмэнжаргалын хувьд давхар цохилт болсон юм.
Харин тэр бууж өгсөнгүй. Дахин аяллын компани байгуулж, амьдралаа шинээр эхлүүлэхийг зорьжээ. Гэхдээ түүний дотоод ертөнцөд нэгэн үл тасрах утас мэт хүлээлт оршсоор байв. “Салах шийдвэрийг өөрөө гаргасан ч дотроо эргээд нийлэх болов уу гэсэн найдвар тээж явсан. Тиймдээ ч компанийнхаа нэрийг өгөхдөө ‘Золотой мир’-ийг орчуулж ‘Алтан дэлхийн аялал’ гэж нэрлэжээ. Яагаад тэгтлээ хүлээснээ өөрөө ч сайн мэдэхгүй. Гэсэн хэрнээ, эргээд нийлчихвэл яах вэ гэсэн бодлоосоо өөрөө хүртэл эмээж байсан” хэмээн тэр ярив. Тэдний салалтын шалтгаан нь араар тавилт байсан ч Түмэнжаргал өнгөрснийг нэг өнцгөөс харахыг хүссэнгүй. “Зөвхөн энэ шалтгаанаар хүнийг бүхэлд нь дүгнэх учиргүй. Би салсан нөхрөө муу хүн гэж хэлэхгүй. Тэр бол сайн хань, сайн аав, бас сайхан эр хүн. Анх амьдралаа эхлүүлж байхдаа ямар ч ажлыг гололгүй хийж, гэр бүлээ авч явдаг байсан” хэмээн дурслаа.
Өнөөдөр тэр нөхрөө үзэн ядаж, гомдол тээдэггүй. Харин ч уучилсан гэдгээ хоолой зангируулан өгүүлсэн нь түүний туулсан зам, дотоод тэмцэл ямар гүн байсныг илтгэнэ. Энэ бол зөвхөн нэгэн эмэгтэйн салалтын түүх бус харин хайр, алдаа, хүлээлт, уучлалын тухай өгүүлэх амьдралын нэгэн түүх юм.
Манай редакцаас бэлтгэн хүргэдэг MYCAREER ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна