Гавана: 2 хүү хамтлагийн CD гараад л дуусдаг, тоглолтын билет хэвлэгдээд л шууд дуусдаг байсан

Admin
2026/03/23

Монголын хип хоп урлагийн эхэн үеийг тодорхойлсон хамтлагуудын нэг бол 2 хүү. 1998 онд байгуулагдсан тус хамтлаг 2000-аад оны эхээр залуусын сэтгэлд гал асаасан уран бүтээлүүдээрээ тухайн үеийн хөгжмийн урсгалд хүчтэй нөлөө үзүүлж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гишүүд өөрсдийн зам мөрийг хөөж, уран бүтээл нь завсарласан юм.

Тус хамтлагийн гишүүн Гавана (Б.Нармандах)-д энэ өөрчлөлт энгийн нэг шилжилт биш байв. Харин ч амьдралынх нь хүнд сорилтын эхлэл болсон юм. Тэрээр 2014 оноос бие даасан уран бүтээлдээ анхаарч эхэлсэн ч дотоод тэмцэл, сэтгэлийн хоосрол түүнд амар байсангүй.

Түүний өөрийн хэлснээр:

“Миний архи ууж эхэлсэн шалтгаан бол ‘2 хүү’ хамтлагийн уран бүтээл зогссонтой холбоотой. Түүнээс хойш хөгжим зохиох үедээ уудаг зуршилтай болсон. Зохиолоо дуусгачихаад ‘сайн боллоо’ гэж баярлан дахин ууж, улмаар энэ нь буруу зуршил болж хувирсан” гэсэн юм.

Уран бүтээлч хүний сэтгэл хөдлөл заримдаа түүнийг оргилд хүргэдэг бол заримдаа ёроолд ч хүргэж чаддаг. Гаванагийн хувьд хөгжим нь эхэндээ аврал байсан ч удалгүй хорт зуршлыг дагуулсан. Гэр бүлийн амьдралд нь ч хүнд цохилттой тулгарч түүний эхнэр охиноо өөр дээрээ авч шинэ амьдралаа эхлүүлсэн байна. Тэрээр “Ер нь муу аав гэж байдаггүй юм шиг санагддаг. Харин хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй үед л муу аав мэт харагддаг байх. Би тэсэхээ больж, тэвчихээ больсноос охиныхоо ээжээс салсан. Охинтойгоо уулзаагүй удаж байна. Уулзъя гэж залгах гэхээр шинэ амьдралаа зохиосон хүний амьдралыг үймүүлчих вий гэж эмээдэг, уг нь миний амьдралыг үймүүлж орж ирсэн хүн нь тэр шүү дээ” гэж ярьсан.

Хорт зуршлаасаа ангижрахын тулд тэр Франц улсыг зорьсон ч амьдрал түүнд дахин сорилт илгээжээ. Тэнд элэгний С вирус тусч, улмаар эх орондоо COVID-19 цар тахлын үеэр ирсний дараа эмчилгээний хүндрэлтэй тулгарсан байна. Хоёр өөр өвчний давхцал түүний биеийг төдийгүй сэтгэлийг нь сорьсон хүнд үе байлаа.

Гэвч энэ бүхнийг тэр даван туулж чадсан. Уналтын ёроолоос эргэн өндийж, өөрийгөө шинээр бүтээж эхэлсэн нь түүний жинхэнэ ялалт байв. Тэр архины хорт зуршлаасаа салж чадсан. “Бүрэн төгс биш ч зохистой хэрэглэж сурсан” хэмээн тэр ярьсан.  “Аавыгаа тэнгэрт үдэхээс өмнө энэ зуршлаасаа салж чадсан. Өөрийгөө олж, зөв замдаа эргэснийг аав минь мэдсэн. Тэр л надад хамгийн том тайвшрал болсон”хэмээсэн.

Өнөөдөр Гавана өөрийн дуу бичлэгийн студийг ажиллуулж, шинэ амьдралаа эхлүүлж хатагтай Гаванатай аз жаргалтай амьдарч байна.Ингээд түүний оролцсон Mycareer ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна