Ж.БАТМӨНХ АГСНЫ 100 ЖИЛИЙН ОЙД - ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ

Admin
2026/03/06

Залуучууд л монголын хувь заяаг авч явах ёстой. Монголчууд дотроо хямарч хэрхэвч болохгүй…

Өдгөөгөөс 36 жилийн өмнө яг энэ өдрүүдэд цагийн байдал ороо бусгаа, тэнгэр хангай хуйсгануур, хавирга нэвтлэх хаврын салхины үзүүр жавраар тургилж, хөхүүрийн ам наашлах болоогүйг сануулна. Байгаль дэлхийн ааш аягаар хүйтний ам цаашлах болоогүй байгаа ч нийгэм, улс төрийн уур амьсгалд аль хэдийн цөн түрэхэд бэлэн болсон үе. Монголчуудын хувьд яг юу нь буруу байгааг хэлж мэдэх нэгэн цөөн ч ямар ч байсан өөрчлөх ёстой гэсэн хүлээлттэй болчихсон байсан цаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмийн замналаар цааш үргэлжлүүлэн явах эсэхдээ эргэлзэж эхэлсэн түүхэн цаг үе.
Д.Сүхбаатарын талбайд “Хонхны дуу” цуурайтаж, 70 жил дангаар удирдсан нэг намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах шаардлага тавин МоАХ-ны залуус анхны улс төрийн өлсгөлөн зарласан нь монголчуудын хувьд урьд хожид дуулдаагүй нэн шинэ үзэгдэл байлаа. Тэднийг дэмжсэн олон мянган иргэдийн дуу хоолой төв талбайгаас Монгол Улсыг хамран цуурайтаж, улс төрийн хавар халуухан эхэлсэн. Нэг нам, хуучирсан тогтолцоог халахын төлөө их, дээд сургуулийн оюутнууд хичээл, үйлдвэрийн ажилчид ажил хаяж эхэлсэн нь улс төр, нийгмийн амьдралыг орвонгоор өөрчилсөн 1990 оны цагаан морин жилийн хувьсгал нэгэнт “мөсөн хөнжил”-ийг хуу татахаар цөн түрж эхэлснийг илтгэнэ.

Харин “Төрийн ордон” дотор нийгэм, улс төрд гарч буй тэсрэлтийг анхааралтай ажигласан, эргэцүүлсэн, эсэргүүцсэн, БНМАУ-ынхаа цаашдын хувь заяа хэрхэх бол хэмээн түгшсэн, дараагийн нүүдлээ шүүн тунгаасан нам гүм байдал ноёлж байсан гэдэг. Хал цэрэг, халуун сав хоёр шиг дотогшоо бэгнэсэн мэт…

Хаврын тариалалт, мал төллөлт, таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах зэрэг улс орны хойшлуулшгүй, шийдвэртэй алхмуудыг хийхийг шаардсан цагтай уралдан БНМАУ-ын төрийн тэргүүн, Сайд нарын зөвлөлийн даргын ширээн дээр нэгэн зарлиг эзнийхээ гарын үсэг зурахыг хүлээн “хэвтэнэ”. “Улаанбаатар хотод нийгмийн хэв журам сахиулах онцгой арга хэмжээний тухай" гэсэн зарлигийн төсөлд ганцхан хүн л гарын үсгээ зурвал “галт тэрэг” хөдлөхөд бэлэн байлаа.
Зарлигийн гол агуулга нь 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн мөн оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн бага тойргийн доторх гудамж, талбай, галт тэрэг, нисэх онгоцны буудал, тусгай харуул хамгаалалттай газрын дэргэд хурал цуглаан хийх, жагсаал, ёслол үйлдэх, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглох, мөн жагсаал цуглааныг тараах, эсэргүүцсэн нөхцөлд хуулийн байгууллагуудад хүч техник, хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрсөн агуулгатай байсан нь өдгөө түүхийн баримт болон үлдэв.

Төрийн тэргүүн Намын төв хороо, Ардын Их Хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын гишүүд олон нийтийн төв байгууллагуудын удирдлагыг цуглуулан хуралдаж, санал, байр суурийг сонссоны дараа “ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ” хэмээн алдарт үг хэлээд, зарлигт гарын үсэг зуралгүй орхив. Түүгээр ч зогсохгүй “Улс оронд бий болсон байдлыг цаашид хүндрүүлэхгүйгээр ард түмний эрх ашгийг хохироохгүй, амгалан тайван байдлыг алдагдуулахгүйгээр шийдэмгий алхмыг бид цаг алдахгүй хийх хэрэгтэй байна. Шийдвэрлэх алхам нь Улс төрийн товчоо, нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай саналыг гурав хоногийн дараа болох Намын Төв Хорооны бүгд хуралд оруулах нь зүйтэй” гэсэн саналаа пал хийтэл мэдэгдэх нь тэр. Энэ мэдэгдэлд журмын нөхөд нь цочирдсон хэдий ч дэмжиж, тэрбээр радио телевизийг дуудан Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа орон даяар зарлан тунхаглав. Төрийн тэргүүний албан тушаалаа буух шийдвэрийг төрсөн өдрийнхөө өмнө гаргаж өөртөө ч, ард түмэндээ уужуу амьсгаа авах сэтгэлийн амар амгаланг бэлэглэсэн нь тэр.

Ийнхүү 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн цагаан морин жилийн хувьсгал дэлхийд үлгэр жишээ болж, оготны хамраас ч цус гаргалгүй тайван замаар улс төрийн дэглэм, нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн шинэ жишгийг тогтоож чаджээ. Хэдийгээр зарим нэг улстөрийн хүчин энэ түүхэн гавьяаг өөрсдөдөө наах гэж хичээдэг ч “хөшигний ард” ийм л үйл явдал болсон юм.
“Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэх шийдэмгий байр сууриа улс төрийн тавцанд эрс шулуун зарлана гэдэг нь удирдагчийн хувьд цагаан тугаа барин, бууж өгч буйгаа зарлаж байгаа мэт харагдах ч, угтаа Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, монголчуудын амь нас, хувь заяаг тэгшитгэсэн, төрийн удирдагч бүрээс эс гарах ухаан, зориг шаардсан түүхэн шийдвэр байлаа. Өөрөөр хэлбэл, монголын улс төрд хувийн, намын эрх ашгийг хойш тавьж, үндэснийхээ эрх ашгийг томоор харж шийдвэр гаргахыг хойч үедээ чимээгүйхэн үлгэрлэж, жишиг тогтоосон нь энэ.
Социалист дэглэмийн эсрэг хийсэн тэмцлүүд үүн шиг амар тайвнаар шийдэгдсэн нь үгүй. Учир нь 1950-1960 онд дорнод Европын хуучин социалист орнууд болох зүүн Герман, Унгар, Польш зэрэг улсын иргэд Засгийн газраа огцруулах, дарангуйллын дэглэмийн эсрэг тэмцсэн ч дотоодын үймээн самуун болж, зэвсэг техник, Зөвлөлт Холбоот Улсын цэргийн дэмжлэгтэйгээр бослого, хөдөлгөөнүүдийг нам дарж байсан гашуун сургамжтай. 1989 онд Хятадад оюутнуудын жагсаалыг эрх баригчдын зүгээс танк оруулан цэргийн хүчээр дарж, цус, нулимс дагуулсан хар түүхийг монголчууд мэднэ. Харин эл эрхмийн саруул ухаан, төрийн хүний ноён нуруу, алсыг харсан нүүдлийн гавьяа нь өнөөдрийн туурга тусгаар, чөлөөт ардчилсан Монгол Улсыг байгуулсан үнэ цэнээр хэмжигдэж байна.
Хожим тэрбээр энэ тухай “Миний байр суурь” дурсамждаа “Улс төрийн товчоо бол нам, төр, засгийн удирдлагыг нэгтгэсэн удирдлагын төв штаб байсан. Тиймээс түүнийг огцруулах нь намд ч, төрд ч онцын харшлах зүйлгүй. Иймд Улс төрийн товчоог татан буулгах нь тухайн цаг үеийн байдалд ч тохирно. Харин Ардын Их Хурлыг тарааж болохгүй. Нийт ард түмний саналаар шийднэ. Иймд байдлыг тайван шийдэх, өлсгөлөнг зогсоох, цус урсгахгүй, байдлыг намжаах хамгийн зохимжтой хэлбэр бол товчоог огцруулах, шинэ Товчоог бүгд хурлаар нөхөн сонгох хувилбар байж болно” хэмээн тайлбарласан байдаг. Үүнээс л асуудлыг долоо хэмжиж, нэг огтолдог ул суурьтай, холын бодлоготой түүний занг харж болохоор…
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн түүнийг албан тушаалаасаа буусны дараа уулзан, хөөрөлдөх үед “Энэ залуучууд л монголын хувь заяаг авч явах ёстой. Монголчууд дотроо хямарч хэрхэвч болохгүй” гэж аминчлан захиж байсан хэмээн дурссан байдаг.

Ийнхүү 1990 оны цагаан морин жилийн хувьсгал ард түмнийг “Хонхны дуу”-гаар нойрноос нь сэрээж, “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээх монгол төрийн тэргүүний мяндсан ухаанаар өлгийдүүлж, хөлд орон өндийн босож чадсан нь тэр аж.

Түүхэн шийдвэрийн эзэн төрийн хар хүн


Эл эрхмийн уужуу ухаан, дөлгөөн тайван зан, асуудлыг углуургаар нь хардаг эдийн засагч, тооцооллын ухаан нь түүний улстөрч, удирдагчийн амьдралд сайн, муу нэрийг дагуулж ирсэн. Их түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэгтээ агаар нэгэн.

Засгийн газар, нам төрийн тэргүүнээр 16 жил ажиллах хугацаанд нь социалист систем хямралд орж, эдийн засгийн өсөлт саарч, үндэстэн хоорондын тэмцэл өрнөсөн, өөрчлөлт шинэчлэлтийг шаардсан амаргүй цаг үед тохиосон. Харин дотооддоо хөрш улсын хараат бодлогоос салах, нам улс төрийн дотор нэг хүнийг тахин шүтэх явдлыг шийдвэртэйгээр таслан зогсоох, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх гээд ар араасаа шийдэл нэхсэн асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг шаардсан шандас сорьсон цаг үе байлаа.

Гэхдээ тэрбээр юун түрүүнд эх орныхоо хөгжлийг түртгэхэд анхаарсан. 1974 оноос эхлэн Засгийн газрын тэргүүн, цаашлаад 1984 оноос төрийн тэргүүнээр ажиллахдаа Монгол Улсын гадаад өрийг хамгийн ихээр нэмсэн удирдагчийн жагсаалтын “айргийн тавд” нэр дурдагдах нэгэн. 1970-аад оны дундуур Монгол Улс ЗХУ-д 2.2 тэрбум шилжих рублийн өртэй байсан бол 1989 он гэхэд энэ тоо 9.2 тэрбум шилжих рубльд хүрсэн байв. Гэхдээ чухам энэ үед л өдгөө ч улс орныг тэжээж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байгаа Эрдэнэтийн зэс молибдены үйлдвэр, Эрдэнэт хот, Багануурын нүүрсний ил уурхайн цогцолбор, III, IV цахилгаан станц, төвийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээ, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, “Хөтөл” цементийн үйлдвэр гэх мэт томоохон шинэ үйлдвэр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулж чадсан. Цаашлаад бага оврын машины үйлдвэр, химийн үйлдвэр барих талаар тухайн үеийн ЗХУ-ын удирдагчтай яриа хэлцэл хийж явсан баримт ч архивын тоосонд дарагдан хэвтэх нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, хүнд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх суурийг тавихгүй бол хөгжил урагшлахгүйг тэрбээр мэдэж байлаа. Юутай ч түүний удирдсан нам, төр авсан зээлээ салхинд хийсгэлгүй, Монгол Улсын бүтээн байгуулалтад томоохон мөрөө үлдээсэн нь энэ. Өнөөдрийг хүртэл нийслэлийн 1.5 сая иргэн цахилгаантай, дулаахан тохьтой ажиллах амьдрах нөхцлийг тэд ийн бүтээж, буяныг одоо ч эдэлж суугаа

Нөгөө талаар гадаад харилцаагаа ч өргөжүүлэн тэлж 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоож, мөнхийн хөрш БНХУ-тай хүйтэн харилцаагаа зөөлрүүлж, Япон, Энэтхэг зэрэг Ази тивийн нөлөө бүхий улстай дипломат харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадсан юм.
Хэдийгээр түүний толгойлсон МАХН, Улс төрийн товчоо, Засгийн газар нийгэм, улс төрийн шинэчлэл, олон намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халах өөрчлөлт, шинэчлэлтийг удаашруулж, хэт алгуурлаж хаширласан хэмээн шүүмжилдэг ч, тэд зүгээр суугаагүй юм. Бусад улсын нийгэм улс төрийн нөхцөл байдлыг соргогоор ажиж, тэдний жишгээр ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг улс орныхоо нөхцөлд тааруулан өөрчлөхөөр зэхэж байсан нь нууц биш. Үүний илрэл нь 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх суурийг тэртээ 1988 онд боловсруулан хэлэлцэж байж. Монгол ардын хувьсгалт нам төрийн бодлогыг хэр хол, далайцтай харж байсны илрэл биз. Үүнийг мэддэг хүн хуруу дарам цөөн. 1960 онд баталсан Үндсэн хуулиа 20 гаруйхан жилийн дараа шинэчлэхээр болсон нь яах аргагүй улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоонд эргэлт хийн, өөрчлөлт шинэчлэлтэд зэхэж байсны илрэл. Түүний аливаад нухацтай ханддаг, хэт буурьтай, яаран хөдөлдөггүй зан нь бүхнийг улс төрийг ч алгуурхнаар урт хугацаанд ард түмэн, нийгэмд хохиролгүй хийхийг чухалчилсан нь цагаан морин жилийн хувьсгал гарахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч гэж судлаачид дүгнэх “дуртай”. Хийж бүтээсэн бүхэн өмнөөс нь ярина гэж хүмүүжсэн тэр санаж сэдсэнээ бусдад сайрхаж, хийсэн ажлаараа “онгирч” сураагүй нэгэн. Насан туршдаа тэрбээр хэлэх үгээ цэнэж, хийх үйлдлээ тооцоолж, өөрийгөө “дарж” ирсэн тухайн нийгмийн тусгал гэлтэй. Тиймдээ ч Монгол төрийн тэргүүний сэнтийгээс сайн дураар буусан шигээ, 60 насныхаа төрсөн өдрөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох саналаас татгалзаж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн цалингийн “даргын” нэмэгдлийг авахгүй хэмээн хасуулан амьдралынхаа бүхий л цаг үед өөрийн хүсэл шуналыг тэвчиж, хязгаарлаж амьдарсан гэх. Тиймдээ ч нэгэн насныхаа ханьтайгаа улсаас олгосон байрандаа тэтгэврийнхээ мөнгөөр амьдарсан эгэлхэн эрхэм.

Энэ хүн бол эгэл багшаас захирал хүртлээ боловсролын салбарт 20 жил зүтгэж, эгэл оюутнаас эдийн засгийн ухааны дэд эртэмтэн хүртлээ номын мөр хөөж, эгэл сэхээтнээс төр, засгийн тэрүүний албыг 16 жил хашсан, Увс аймгийн Хяргас сумын харьяат, малч удмын Жамбын Батмөнх байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна