Өнгөрсөн өвлийг Улаанбаатарчууд зутруухан давлаа. Цахилгааны хязгаарлалт, дулааны доголдол, гэнэтийн саатлууд иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлын суурь. Гэтэл энэ суурь ганхах үед хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
Энэ асуултын хариуг олон нийт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс нэхэж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 1 дүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар сайдад 30 хоногийн хугацаа өгч, салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах дунд хугацааны арга хэмжээний тогтоолын төсөл боловсруулж танилцуулах, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохыг үүрэг болгосон.
Харин сайдын хариулт олон нийтийн хүлээлтэд нийцсэнгүй. Тэрбээр “Гурван жил хийгдээгүй ажлыг 30 хоногт хийх боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн “Хариуцлага тооцвол ажлаа өгөхөд бэлэн” гэсэн мэдэгдэл улс төрийн соёлын хувьд эерэг сонсогдож болох ч бодит байдал дээр энэ нь хариуцлагаас зайлсхийж буй хэлбэр юм. Учир нь хариуцлага гэдэг огцрох эсэхээр хэмжигдэхээс гадна, ажлаа бодитоор хийж, асуудлыг шийдэх чадвараар илэрхийлэгддэг.
Анхны 30 хоногийн хугацаа дуусахад хариуцлага тооцох шийдвэр гарсангүй. Харин дахин 30 хоногийн боломж олгогдов. Энэ нь нэг талаас “боломж олгох” төрийн бодлогын зөөлөн хандлага мэт боловч нөгөө талаас хариуцлагын босго улам бүдгэрч буй дохио ч байж мэднэ.
Дахин өгсөн 30 хоногийн хугацаанд бодитой, хэрэгжихүйц, санхүүжилттэй, хугацаатай төлөвлөгөө гарч ирэх үү, эсвэл дахиад тайлбар, дахиад шалтгаан байх уу гэдгийг олон нийт хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна