Ц.Даваасүрэн: Олон овоот зэрэг ордуудыг эргэлтэд оруулах, нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая хүртэлх төгрөгийг үе шаттай олгоно

Admin
2025/12/31

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар баталсантай холбогдуулж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Ц.Даваасүрэн: Өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаасаа ногдол ашиг тарааж байгаагүй. Тэгвэл Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эргэлтэд оруулах, нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая хүртэлх төгрөгийг үе шаттай олгох шийдвэрийг гаргалаа. Үүнд 1.8 сая иргэд хамрагдаж байгаа. Үүнээс 1.3 сая нь 18 нас хүртэлх хүүхдүүд, 400 гаруй мянга нь ахмад настан, 100 гаруй мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдахаар байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг болсон. Түүнчлэн, Нийгмийн халамжийн сангаас олгодог хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж 478 мянган төгрөг болгож байна. Бусад тэтгэмжийн хэмжээг 8.6 хувиар нэмэгдүүллээ. Энэ тэтгэврийн нэмэгдэл нэгдүгээр сарын 1-нээс үйлчилнэ.
Инфляцыг тогтворжуулахын тулд ирэх 300 хоногт гурван чиглэлээр үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тодруулбал:

  • Нэгдүгээрт, дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлтийг хязгаарлах, Атрын аяны хүрээнд  төмс, хүнсний ногоог тариалах талбайг дотооддоо 100 хувь хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Шатахууны нөөц савыг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих замаар эмийн үнийг бууруулна. Хяналтыг сайжруулахаар төлөвлөгөөнд тусгагдсан.
  • Монгол Улс Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр төрлийн барааг гаалийн татваргүй болгохоор байна. Үүнээс 42 нэр төрлийн бараа нь инфляцыг тодорхойлоход ашигладаг хэрэглээний үнийн сагсанд орж байгаа. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй оруулж ирснээр инфляцыг 0.7 хувиар нөлөөлнө.
  • Хил боомт дээрх сааталд дунджаар 302 цагийг зарцуулж байсан бол үүнийг 72 цаг хүртэл багасгах буюу 4.2 дахин бууруулах арга хэмжээг хөтөлбөрт тусгалаа.

Мөн газар олголтыг бүрэн цахим болгохоор зорьж байна. Үүгээр зогсохгүй газар өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой иргэн, хуулийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэснээр 27 хүсэлтийг цахимаар авна. Үүнийг дунджаар 30-60 хоногт шийдвэрлэдэг байсан бол ажлын 1-5 хоногт шийдвэрлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан.
Дараагийн чухал хэсэг бол бизнесийн эрх чөлөө. Үүний хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрийн оролцоог хязгаарлах, хуулиар хориглоогүй бүх бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлдэг болох, хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, өмч хураах, албадан нийгмийн хариуцлага хүлээлгэхийг хориглох, аль нэг компанид давуу эрх олгох, ялгаварлах үйл явцыг хориглох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн цахимаар төрийн бодлого хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болгоно. Гаднын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэхийг судална.
Мөн Баялгийн санд орлого төвлөрүүлэх чиглэлээр Төгрөг нуурын орд, Төмөртэйн овоо, Бортээг, Олон Овоот, Оюутолгой, Эрдэнэтийн үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиглэлд анхаарахаар төлөвлөсөн. Давхардсан болон хуулийн хязгаараас давсан 1000  журмыг хүчингүй болгох, цуцлах арга хэмжээг тусгасан.
Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Үндэсний давхар даатгалын корпорац гэхчлэн олон компаниудыг хувьчилж, өөрчлөн байгуулна.

Төсвийн зардлыг бууруулна. Ирэх жилүүдэд төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байна. Мөн гадаад томилолт, тавилга худалдан авах зэрэг урсгал зардлыг үе шаттайгаар бууруулна. Үүгээр зогсохгүй төрийн байгууллагын цэвэрлэгээ, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээний ажлуудыг гэрээгээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг эрхэлнэ.
Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ жилийнхтэй адилхан 6 хувь,  инфляцын түвшин 6 дээр нэмэх, хасах 2 хувь, гадаадын эргэлт 30 тэрбум, улсын төсвийн урсгал зардал нь 24 хувиас хэтрэхгүй байх, нэг хүнд ногдох ДНБ 7900 ам.доллар, ажиллах хүчний оролцоо даруй нэг функцээр өсгөх үр дүнг хүлээж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна