Манай сайтын эрхэм үзэгчиддээ шинэ оны мэнд хүргэе. Амжилт ололт, онгод хийморь дүүрэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй гэдэгт итгэж байна. Энэ мөчид үзэгч танд мэдээллийг шуурхай, тэнцвэртэй, бодитойгоор хүргэнэ уриан доор ажилладаг asu.mn редакцаас бэлтгэн хүргэсэн энэ оны онцлох контентуудыг тоймлон хүргэж байна
“Аsu.mn” сайтын оны онцлох контент: Ц.Агарын зочиноор оролцсон “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлэг

Asu.mn сайтын редакцаас бэлтгэн хүргэдэг MYCAREER ярилцлагын хөрөг нэвтрүүлэг гуравдахь жилдээ үзэгч танд хүрч байна. Бид өнгөрсөн хугацаанд салбар бүрийн төлөөл болсон 100 гаруй зочинг урьж амьдралын түүхээр нь дамжуулан амжилт ололт, алдаа оноо, сургамж, бас ухаарал өгөхүйц ярилцлагуудаа бэлтгэн хүргэжээ. Эндээс сэтгүүлч Э.Нандинчимэгийн бэлтгэсэн онцлох дугааруудыг хүргэж байна.
“Бусдад төвөг удаж байна гэдэг нь нүгэл хийгээд байнаа л гэсэн үг” хэмээн хэлсэн Ц.Агарын амьдралын тухай өгүүлсэн тус дугаар нь олон хүмүүст ухаарал хайралж чадсан юм. Цацаж, цалгиж явсан Ц.Агар үхэж, харин буддын шашинд гүн нэвтэрч амьдралын үнэнийг огоорсон шинэ Ц.Агарын тухай өгүүлэх тус нэвтрүүлэг нь нэг өдрийн дотор сая үзэлтийг авч чаджээ. Мунхаглалын ёроолд очтолоо живсэн байсан тэрээр урьд насны нүгэл, энэ насны буянгаар багштайгаа учирч лам болон машид сайн хүмүүсийн дэргэд амьдарч машид сайн үйл хийж амьдрахаар болсон тухайгаа өгүүлдэг.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент: Дуучин Б.Амархүүгийн зочиноор оролцсон “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлэг

“Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлэг нь зөвхөн амжилт бус, алдаа оноо, уналт босолт, сургамжийг багтааснаараа онцлог. Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүгийн оролцсон “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг энэ оны онцлох контентоор нэрлэж байна.
Монголын ард түмний хайртай дуучин Б.Амархүү нь хар тамхины хэргээр ял эдэлж, хайртай ханиасаа салж, урлагийн карьераа завсарласан тухайгаа манай нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Тус нэвтрүүлгийг 1,7 сая хүн үзэж 1,600 хүн сэтгэгдлээ үлдээж, 3,800 хүн хуваалцаж 39,000 хүн хандалт өгсөн байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээн хоригдож байхдаа юу сурч, юуг ухаарсан, ард түмнийхээ итгэлийг алдсан ч түүнд дахин боломж олгосон хийгээд хайртай хань нь хүнд хэцүү цагт ард нь асаалттай танк нь байсан ч холын зай тэднийг холдуулсан тухай болон аавынхаа, хүүгийнхээ мөн уран бүтээлийн ойрын зорилгынхоо тухай хуваалцсан юм.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент: П.Батчулуун эмчийн тухай “хэргийн үнэн учир хаана үлдэв” эрэн сурвалжлах нэвтрүүлэг

Asu.mn сайтын редакци өдөр тутмын мэдээ мэдээллээс гадна эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг. Энэ жилийн онцлох эрэн сурвалжлах нэвтрүүлгийн нэг бол Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийн бэлтгэсэн П.Батчулуун эмчийн тухай “хэргийн үнэн учир хаана үлдэв” нэвтрүүлэг байсан юм. Тус эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь “Ган Үзэг-2025” наадмын сайтын шилдэг бүтээлээр шалгарсан билээ.
2023 оны найман сарын 6-ны өдөр харамсалтай осол гарснаас үүдэн нэг иргэн амь насаа алдсан. Харин хүн дайрч алсан жолоочийн хэрэг хаагдаж, донорын хэлэлцээр хийж 10 хүний амь аврах гарцыг нээсэн хүний их эмч П.Батчулуун 2,6 жилийн ялыг шүүхээс сонсож, хоригдсон билээ. Ингээд asu.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч У.Уранцэцэг хэргийн араас эрэн сурвалжилж олон нийтэд үнэнийг ил тод болгож мэдээлснээр 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн улсын дээд шүүх түүнийг цагаатгаж, сулласан юм. Ийнхүү бидний эрэн сурвалжилсан нэвтрүүлэг үр дүнгээ өгсөн билээ. Мөн бид энэ нэвтрүүлгээрээ МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “Ган Үзэг-2025” тэргүүн наадмын Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээл номинацийн сайтын шилдэг бүтээлийн эзнээр тодорсон юм.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент Смарт сургуулийн өмчийн тухай “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг

Дээрх нэвтрүүлэг нь нэг хүний, хэсэг бүлгийн эрх ашиг бус эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийхэд нөлөөлсөн юм. Тодруулбал, Уг нэвтрүүлэг гарснаас хойш удалгүй П.Батчулуун эмч суллагдаж, Эрхтэн шилжүүлэх тухай Молгол улсын хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Бид дараагийн оны онцлох контентоор мөн asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийн бэлтгэсэн Смарт сургуулийн өмчийн тухай “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг нэрлэж байна.
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын аманд байрлах “Смарт” Ерөнхий боловсролын дунд сургуулийн өмчийн маргаанд худалдан авсан гэх Лхамсүрэн, Худалдсан Т.Баясгалан нар хохирч харин Смарт сургуулийн захирлын албан тушаал хашдаг Соёлоогийн Уянга гэх эмэгтэй ямар ч төлбөр өгөлгүйгээр тус сургуулиас ашиг хүртэж байв. Тодруулбал: Уянга худалдаж аваагүй, мөнгөө төлөөгүй, сургуулийн байрыг чөлөөлж өгөөгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ч түрээсээ төлөөгүй байж тус обьектийг зарсан Баясгалан болон худалдан авч урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн иргэн Лхамсүрэн нарыг объект руу нэвтрэхгүй, оруулахгүй байх шүүхийн захирамж гаргуулаад амжсан байдаг. Харин манай редакцаас бэлтгэн хүргэсэн тус сурвалжлагын үр дүнд өмчийн маргаан шийдэгдэж худалдан авсан Лхамсүрэнд барилга бүрэн шилжиж өнөөдөр.... нэртэйгээр ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент:Төрийн шагналт, яруу найрагч, улс төрч Очирбатын Дашбалбарын эх орны тухай сэдэвт шүлэг, нийтлэл хийгээд түний үзэл бодол үйл хэргийн тухай“Мартагдашгүй мөрүүд” нэвтрүүлэг

Сэтгүүлзүйд үндэсний үнэт зүйл, соёл, түүхийг түгээн дэлгэрүүэх, мөн эх оронч ухамсрыг төлөвшүүлэх үндсэн үүрэг бий. Тэгвэл манай редакц энэ үүргийнхээ хүрээнд яруу найрагч, улс төрч Очирбатын Дашбалбарын эх орны тухай сэдэвт шүлэг, нийтлэл хийгээд түний үзэл бодол үйл хэргийн тухай сэтгүүлч Э.Нандинчимэг “Мартагдашгүй мөрүүд” контентыг бэлтгэн хүргэсэн билээ.
Газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч, эх оронч, яруу найрагч Очирбатын Дашлбалбар бол намуун уянгын яруу найрагч төдийгүй шүлэг бүтээл, үзэл бодол, үйл хэргээрээ эх орон, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэж байсан халуун эх оронч хүмүүн байсан юм. Монголын ард түмний цогтой эх оронч хүү, сод билигт яруу найрагч, төр нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, Очирбатын Дашбалбар өмгөөлж, хамгаалж байсан эх орныхоо газар шороонд эд, эс нь болон шингээд хэдийн 26 жил өнгөрчээ. Тэрбээр нэгэнтээ “Ард түмний зовлон жаргалыг дуу хоолой болж, зүрх сэтгэлийнх нь илэрхийлэл болж явах юмсан л гэж бодож явдаг” хэмээж байв. Бид энэ нэвтрүүлэгтээ түүний “Эх орон”, 21 хэн насандаа бичсэн “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр ачдаа хүлээлгэж өгнө” шүлэг, “Газрын төлөөх жинхэнэ тулалдаан эхэллээ” зэрэг нийтлэл бүтээлээр нь түүний үзэл бодол, үйл хэргийг нээн гаргаж үзэгчдэд эх орноо хайрлах, хамгаалах, эх оронч ухамсрыг төлөвшүүлэх зорилгыг тавин бэлтгэсэн билээ.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент: Батсүмбэрийн ахмадын асрамжийн газраас бэлтгэсэн цуврал сурвалжилга

Аливаа хэвлэл мэдээллийн редакцийн үндсэн гол үүрэг бол нийгэм рүү чиглэсэн,асуудал хөндсөн мэдээ мэдээлэл, сурвалжилга байдаг. Цаг үеийн мэдээ мэдээлэл, нийгмийн сурвалжлагууд бэлтгэн хүргэдэг сэтгүүлч А.Булганчимэгийн асрамжинд ирсэн ахмадуудын тухай цуврал сурвалжлагыг энэ оны онцлох контентоор нэрлэж байна.
Хүний амьдралын хамгийн хүнд сорилт бол ганцаардал. Ганцаардлаас үүдэлтэй олон сэтгэлзүйн болон биеийн өвчин ахмад настнуудад хамгийн ихээр нөлөөлдөг. Уулын нөмрөөс, хүний нөмөр хэмээн Монголчууд ярьдаг. Үнэхээр энд бараагаа, бараагаа харалцан ахмадууд маань аж төрж байна. Өнөөдөр Монгол улсад улсын хэмжээнд зөвхөн Батсүмбэрийн асрамжийн газар л үйл ажиллагаа явуулж байна. Өвлийн улирал ихэссэнтэй холбоотойгоор тус асрамжийн газрын ачаалалал ихэссэн тухай болоод тэнд танилцан ханилан суусан хосууд мөн үр хүүхэд үгүй хөгшчүүдтэй уулзаж, ярилцсан ярилцлагын дараа УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хувийн хэвшлийг энэ салбарт оролцуулах эрхзүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.Тэрээр: Ахмадын асрамж, халамжийн үйлчилгээний тогтолцог шинэ шатанд гаргах “Асрах үйлчилгээний анхдагч хуулийн төсөл”-ийг боловсруулан ажиллаж байгаагаа дуулгасан билээ.
“Аsu.mn” сайтын оны онцлох контент: Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байхдаа 180 гаруй хүнийг БНСУ- руу хөдөлмөрийн гэрээгээр гаргана хэмээн залилсан тухай сурвалжилга

Мөн сэтгүүлч А.Булганчимэг нь Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байхдаа 180 гаруй хүнийг БНСУ- руу хөдөлмөрийн гэрээгээр гаргана хэмээн залилсан тухай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн билээ. Сэтгүүлзүйн үндсэн үүргийн нэг болох ард түмний дуу хоолойг нийгэмд хүргэх үүргээ биелүүлсэн тус сурвалжилгыг Asu.mn-н 2025 оны онцох контентоор нэрлэж байна.
2024 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ, Булган, Хөвсгөл гэх гурван аймгийн иргэдийг Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах бусад МАН-ын Гишүүд “Солонгос руу ажлын гэрээгээр явуулна” гэдэг мэдээллийг танилуудаар нь дамжуулж тараажээ. Улмаар 180 гаруй хүн уг мэдээлэлд итгэн 2-2.5 сая хүртэлх төгрөгийг “Дэвжих Дэнж төгс шийдэл ТББ-ын данс руу” шилжүүлсэн байна. Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах эдгээр хүмүүст Солонгос руу явуулах талаар зааварчилгаа өгдөг байсан ба Сонгуулийн өмнөх энэ үеэр тэрбээр УИХ-ын Гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын албанд ажилладаг байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр мөнгөө шилжүүлсэн 180 орчим иргэдээс нэг ч хүн Солонгос руу яваагүй бөгөөд цаг хугацаа, эдийн засгаар хохироод байна. Сонгуулиар нутгийн удирдлага, Засаг дарга, УИХ-ын гишүүд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулна, хөгжил дэвшлийг бий болгоно гэж уриалан сонгогддог. Гэвч Булган аймгийн орон нутгийн удирдлагууд энэ амлалтаа умартан иргэдээ луйвардан, хохироож байна
Үзэгч танд мэдээллийг шуурхай, тэнцвэртэй, бодитойгоор хүргэнэ уриан доор ажилладаг asu.mn редакцаас бэлтгэн хүргэсэн энэ оны онцлох контентуудыг тоймлон хүргэлээ. Үзэгч та бүхэн 2026 ондоо амжилт бүтээл дүүрэн байх болтугай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна