Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг Авто тээврийн үндэсний төвийн даргаар томилох саналыг ТӨБЗГ-ын даргад хүргүүлжээ.
Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох 2025.12.23-нд "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичгийг Төрийн Өмчит бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэлд өгсөн байна. Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэгэн. Тэгвэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан саналыг иргэд бухимдан хүлээн авч байна. Иргэд өөрсдийн цахим хуудаснаа, “Машин, морь хоёрын хооронд маш том ялгаа бий. Монгол улсын төрд мэргэжил, мэдлэг хэрэггүй. Аль ч салбарт ажлын туршлага, алив бүхэн түй ч хамаагүй болсны эмгэнэлт жишээ энэ юм. Авто тээврийн салбар дээр хүний амь, амьдрал явдаг учраас удирдлага нь мэргэжлийн байхыг шаардах ёстой” гэж эсэргүүцэж байна. Энэ ч үндэслэлтэй юм. Аливаа төрийн хариуцлагатай албан тушаалд мэргэжлийн, мэргэшсэн хүн томилогдож, удирдах нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (1)