УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаан

Admin
2025/12/19

 УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХААР ТУСГАЖЭЭ

???? УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

???? Хуулийн төсөлд усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулахаар тусгажээ. 

???? Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 


???? УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн түр хороонд нь буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зүгээс түр хорооны тогтоол, шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн, шийдвэрийг илүү нарийвчлах, тодорхой дурдах шаардлагатайг хэллээ. Засгийн газрын зүгээс зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулж, төлбөрийг орлого, үр дүнд суурилдаг байх талд ажиллаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ. 

???? Мөн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн 70.7 хувь нь дэмжив. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна