Дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад өгөв

Admin
2025/12/18

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.12.18/ дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт гардууллаа.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-ын чуулган,  Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна.   Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо.

Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал гэдэг шаардлага тавьсан.

Ерөнхий сайдын зүгээс “Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая.  Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэдэг санал хэлж байна. Бид бүлгээрээ дахин ярилцана.

Данхгар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа маш их доголдож байна. 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, 28 мянган аж ахуй нэгж дансаа хаалгасан. Гэтэл 2.2 их наяд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, дээрээс нь 700 тэрбумын гадаад зээл авч төсвийн алагдлаа нөхөж, өр нэмж, өрнөөс өрний хооронд монголчуудыг явуулж байна. Монголчуудын нэг хүнд ногдох өр 50 саяд төгрөгт хүрсэн. Хувийн хэвшлүүдийн асуудал хүндэрсэн үед төрийг данхайлгаж, албан тушаалтныг нэмж байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна.

МАН данс хааж ард түмнээрээ даажигнадаг, дэд сайд томилж ард түмнээрээ даажигнадаг нам болсон байна. Ирэх лхагва гаригт Засгийн газрын байр суурийг эргэн бидэнд мэдэгдэхээр боллоо” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.11
39 минутын өмнө
0
0
АН өөрсдөө за агт орохоороо ДЭД САЙД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ДОНГОСООД ӨӨРСДӨӨ ЗА АГТ БАЙХГҮЙ БОЛ ДЭД САЙД ХЭРЭГГҮЙ гээд ҮНЭН ХЭЦҮҮ НАМ ШҮҮ
Хариулах
202.179.25.186
13 цагийн өмнө
0
0
УИХ- д танхимд ч суухгүй, ГХЧ-* д байдаггүй үргэлжийн мөнх гадаадаад айлчлал хийдэг Б.Батцэцэг сайдаас бусдад нь дэд сайд хэрэггүй.
Хариулах