Oюутолгой"-н асуудлыг Хянан шалгах түр хороо сонсголын тайлан, дүгнэлтээ хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх тогтоолын төслөө баталжээ. Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг өнөөдрийн /2025.12.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Иймд, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал хэрхэн тусах вэ гэдэг олон нийтийн хүлээлт үүсчхээд буй.
Бидэнд олдсон мэдээллээр хоёр зүйл, дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг боловсруулан бэлтгэжээ.
Тогтоолын төслийн агуулга:
Нэгт, ”Оюу толгой” ордын талбайн хил заагт орших “Онтрэ” компанийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх,
Хоёрт, Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг дүгнэх, өөрчлөлт оруулах. Хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүг зах зээлд нийцүүлэн бууруулах,
Гурав, Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх. Ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
Дөрөв, Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянах,
Тогтоолын төсөлд тусгагдсан дээрх дөрвөн агуулгыг ойлгомжтой болгох үүднээс редакцын тайлбар нэмж зүйснээ энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, авч хэлэлцэх асуудал нь ямар түвшинд байгаа, түүнийг тогтоолын төсөлд хэрхэн тусгаж оруулж ирснийг ялган харах боломжтой юм.
Нэмж мэдээлэхэд,
Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг хуульд нийцүүлэх, 2026 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, улирал тутам танилцуулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарт даалгажээ.
Ямартай ч Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал "Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой” гэдэг байр сууриа ч тодорхой илэрхийлжээ. Мөн тус түр хороо УИХ-ын 2008 оны 40, 57 дугаар тогтоолуудаар Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь үр ашигтай ХөОГ болон ХНГ байгуулах боломжийг олгосон. Засгийн Газраас Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолуудад заасан шаардлагыг хангаагүй, тус гэрээний зарим заалт, тэдгээрийн агуулга, зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэж дүгнэлтээ ч гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна