УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Тодруулбал, Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо хийв. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд улираан томилох саналыг ирүүлжээ.
М.Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй юм байна.
Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа аж:
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд М.Чинбатыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нь буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна