2025 он гарсаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арилжааны банкнуудаар дамжуулан олгодог жижиг зээлийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.
“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-аас энэ онд тус зээлийн хөтөлбөрт 50 тэрбум төгрөг баталж, тендер зарлан 3 арилжааны банкийг шалгаруулсан ч зээлийн эх үүсвэр өнөөдрийг хүртэл банкнууд руу шилжээгүй байна. Иймээс ажил хайж буй иргэд, бизнесээ өргөжүүлэхээр зүтгэж буй ААН-үүд цаашид хэдий хугацаанд хүлээхээ мэдэхгүй боллоо. Уг зээл нь 2019 оноос эхлэн 6 жилийн турш тасралтгүй хэрэгжиж, 3000 гаруй хүн болон жижиг дунд бизнесийн санхүүжилтийн бодит хэрэгцээг хангаж, ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулсан хөтөлбөр юм. Гэтэл энэ жил төрийн дотоод ажлын уялдаа холбоо муугаас болж уг боломж бүрэн түгжигджээ. Энэ зээл бол банк, яамны хувьд хэдхэн сая төгрөгийн зээл боловч иргэдийн хувьд амьдралаа өөрчлөх боломж билээ. Харин төрийн байгууллагуудад бол гарын үсэг, тамгатай цаас л шийдэх асуудал. Гэтэл тэр цаас хэдэн байгууллага хооронд “дарагдаж” саатсанаар хүмүүсийн төлөвлөсөн бизнес доголдож, ажлын байр шинээр үүсэх боломж алдагдаж байна. Албан тушаалтнуудын хоорондын хариуцлага, мэдээлэл солилцоо, зохион байгуулалт сул байгаагаас болж энэ хөтөлбөр тасалдаж, засгийн бодлогын үр дүн иргэдэд хүрэхгүй удлаа. Салбарын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд албан цаас, ажил хэргээ удаашруулж иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулж, цаашлаад алдагдсан эдийн засгийн боломжийг яаж хариуцах вэ? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арилжааны банкнуудаар дамжуулан иргэдэд олгодог жижиг зээлийн үйл ажиллагаа бүрэн зогссонг Холбогдох мэргэжилтэн, яамдуудын сайд нар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай төсөл, хөтөлбөрийн тогтвортой байдал нь иргэдийн итгэл, эдийн засгийн идэвхэд шууд нөлөөлдөг учир холбогдох яамдууд тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.
Сэтгэгдэл (1)