Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа

Admin
2025/12/05

 Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснийг Хурал дахь ажлын хороод, намын бүлгүүдийн хурлуудаар хэлэлцүүлж Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэн баталлаа. 

Ирэх 2026 онд  төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тодруубал, 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн 139 сургууль, цэцэрлэгийн барилга байгаагаас 44 нь нийслэлийн, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгуудаа үргэлжлүүлэхээр төсөвт шаардах зардлыг суулгажээ. Мөн нийслэлд шинээр сургууль, цэцэрлэгийн 10 барилгыг нэмж барихаар төлөвлөжээ. Үүнд ерөнхий боловсролын сургууль 6, цэцэрлэг 3, цогцолбор барилга 1 байгаа бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинээр 18 барилгыг нэмж барихаар судалж байгаа аж.

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах үндсэн 5 чиглэлийн хүрээнд боловсруулсан байна.

Үүнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
  2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах
  3. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах
  4. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  5. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 5 бодлого, чиглэлийг баримтлан боловсруулсан нь Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой эрэмбэлэсэн төсөв байлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна