Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг эхэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах шинжтэй, үүнээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн тааруу байгааг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар асуусан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн бүрт хамааралтай, чухал асуудал хэлэлцэх үеэр хуралдааны ирц хангалтгүй бна гэв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад хүн бүр үүрэг хүлээх ёстойг сануулсан түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа, гэрлэлт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах эрх эдэлнэ. Зөвхөн эцэг тогтоох хүсэлтийг шийдвэрлэснээр уг эрх үүсэхээр хуулийн төсөлд тусгасан хэмээв.
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд Өргөдлийн байнгын хороонд цөөн бус удаа хандсан болохыг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, энэ хуулийг баталснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эсэхийг асуув. Тэрбээр, нэхэмжлэгч тал гэр бүлийн асуудлаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлгийг мартсан тохиолдол, жишээ олон бий. Тиймээс шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай гэсэн юм. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж онцоллоо.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага эртний гэдгийг онцлоод хүүхдийн тэтгэлгээ авч чадахгүй байгаа хүмүүст эргэн төлөгдөх нөхцлөөр дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Монгол гэр бүлийн бат бөх байдал, удмын санг хадгалж, хамгаалах асуудал хэлэлцэж байхад чуулганы хуралдааны ирц хангалтгүй байгааг шүүмжлэхийн зэрэгцээ иргэдээс илгээсэн асуултуудыг хуулийн төслийн ажлын хэсгээс асуусан. Тэдний асуултад Засгийн газрын төлөөлөл хариулахдаа, шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгасан гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна