ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар чухал шийдвэр гаргалаа

Admin
2025/12/03

"Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар чухал шийдвэр гаргалаа. Зэс хайлуулах үйлдвэр барих компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирал томилон, үйлдвэрийн ТЭЗҮ-г батлуулж чадлаа. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудалд холбогдох яамдуудын саналуудыг авч нэгтгэсэн. Түүнчлэн стратегийн хөрөнгө оруулагч нээлттэй сонгон шалгаруулахтай холбоотой тодорхой санал, шийдэл гаргаж өнөөдрийн Засгийн хуралд танилцууллаа. Зэс хайлуулах үйлдвэрийг бид жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцож ТЭЗҮ-г хийсэн. Хөрөнгө оруулалт нь нийт 800 орчим сая доллар байх болов уу гэж ТЭЗҮ-д тусгагдсан. Зэс хайлуулах үйлдвэр өөрөө өндөр ашигтай бус. Харин түүнийг тойрсон зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрүүд илүү өндөр үр өгөөжтэй байдаг. Ийм ч үүднээс Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтыг хийж, төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч, хашаа зэргийг гүйцэтгэхээр 60 орчим сая долларын хөрөнгө оурулалтыг оруулсан байгаа. Эрдэнэт үйлдвэрээс өөрөөс нь хөрөнгө гаргахгүйгээр олон улсын туршлагатай, технологитой компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулах зар хүргүүлж, нэгдүгээр сарын 15-нд саналуудыг авна.

500-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буй компаниудыг Засгийн газарт танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ хийдэг. Энэ бүх зүйлийг нээлтэй, ил тод явуулна. Ямар ч улсын аль нэг компанид давуу байдал бий болгохгүй. Төрийн өмчит компаниудын засаглал, бүтээмж, үр өгөөжийг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан. Мөн нийтийн өмчийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг батлах шаардлагатай байгаа. Хууль батлагдсанаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ил тод болох эрх зүйн орчин бүрдэнэ" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна