Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа.
Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.
Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм.
Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна