Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг болсон тухай мэдээллээ. Тэрбээр, "Монгол улсын Засгийн газраас "Dijital first" болон цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж баталсан. Үүний хүрээнд нийт төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилго тавьсан. Энэ ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Өнөөдрөөс эхлээд авто тээврийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн цахимжуулсан. Нэг ёсондоо Монгол улсын иргэд хоорондоо авто тээврийн хэрэгслээ "И-Монгол" аппликейшнээр дамжуулан шилжих хөдөлгөөн хийж болно. Өмнө нь нэг цэгийн үйлчилгээ болон, Авто тээврийн нэгдсэн төв дээр очоод хамгийн багадаа хоёр цаг оочирлодог байсан. Энэ процесс өөрөө "И-Монгол" ашиглаад 5-10 минут хийх бүрэн бололцоотой. Заавал ажлын цагаар бус хагас, бүтэнсайн өдөр ч энэ үйлчилгээг бүрэн авах бололцоотой болно. Мөн нэмж хэлэхэд дугаартай болон дугааргүй шилжих хөдөлгөөнийг хийж болно. Нэг ёсондоо иргэн тухайн дугаараа өөр дээрээ хадгалж болно. Худалдаж авч байгаа иргэн шинээр цахимаар дугаараа захиалаад шууд машины гэрчилгээтэйгээ холбох бололцоотой болно" гэв.
Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна