Ч.Ундрам: Английн "Фүлхэм" клуб үлдэгдэл төлбөрөө төлөөгүй шалтгаанаар манай Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл үнэн

Admin
2025/11/04

Дээрх зураг нь 2024 оны зургаадугаар сарын 9-нд Go mongolia хөтөлбөрийн хүрээнд Английн Премьер лигийн алдарт Фүлхэм клубийн хаалгач асан Марк Шварцер Монголд ирж байсан үе юм. Энэ үеэр Соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлан таниулах хүрээнд Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцер “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллахаар болсон гэж Соёлын яамын сайд Ч.Номин мэдээлж байв. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу өдгөө төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учраас Фүлхэм баг манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаарх мэдэгдэл ирсэн. Үлдэгдэл төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй гэсэн. Манай зүгээс төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжүүлэлтийн мөнгийг чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яам руу шилжүүлсэн. Гэрээ шилжүүлэх болон ажил үүргээ өгч авах, ажлын хэсэг гарах гэх мэт бичиг цаасны ажил явж байгаа. Үүнээс гадна үлдэгдэл төлбөрийг төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасныг судлах ажлууд явж байгаа. 

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монголыг гадаадад сурталчлах нэрийдлээр нэлээд өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman зэрэгтэй нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй гэрээ хийсэн. Зарим гэрээнүүд нь дууссан, зарим нь үргэлжилж байгаа.

Гэхдээ зарим нэг учир дутагдалтай зүйл бий. Жишээлбэл Бостон консалтинг группээр хийлгэсэн судалгааны тайлан нь миний хувьд болон манай яаманд ажиллагаа байгаа мэргэжилтнүүдийн шаардлага хангахгүй байна. Судалгааны чанар нь хоёрдогч материалууд дээр дүгнэлт хийчихсэн байр байдалтай байгаа" хэмээв:

Тэгвэл Соёлын сайд асан Ч.Номин өнгөрсөн аравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2023-2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан.  Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг" хэмээн ярьж байлаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна