3-5 настай хүүхэд үг, авиа, дүрслэлд хамгийн мэдрэмтгий насандаа байдаг. Энэ үед шүлэг цээжлүүлэх нь хүүхдийн хэл яриа, анхаарал төвлөрөл, ажлын ой, сэтгэл хөдлөлийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг.
1. Ая, хэмнэлээр дамжуулж цээжлүүлэх
3-5 настай хүүхэд хэмнэл, дуу авиа, аялгууг хамгийн хурдан хүлээж авдаг үе. Шүлгийг хүүхдийн дуртай дууны ая дээр дуулж, эсвэл хэмнэлтэй алга ташилт, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлбэл ой тогтоолт илүү хурдан, тогтвортой явагддаг. Хүүхэд хэмнэлийг мэдрэх үед үгийн дараалал, авиа, утгыг илүү сайн тогтоож авдаг.
2. Зураг, хөдөлгөөн, дүрслэлтэй хослуулах
Энэ насны хүүхэд үгийг зураг дүрсээр дамжуулан илүү хурдан ойлгодог. Шүлэгт орсон үгсийг зураг, хөдөлгөөн, нүүрний хувиралтай холбох нь утгыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь: "Нар гарлаа" гараараа дугуй хөдөлгөөн хийн дээш өргөж инээмсэглэх. "Шувуу нислээ" гараа дэлгэн, далавч мэт хөдөлгөх. "Бороо шаагин орлоо" хуруугаараа ширээн дээр зөөлөн тогших эсвэл жижиг бөмбөрийн дуугаар илэрхийлэх.
3. Дуурайх аргаар давтах
3-5 настай хүүхэд даган дуурайх замаар хэл яриагаа хөгжүүлдэг. Насанд хүрэгч нь мөрийг эхэлж хэлээд, хүүхэд дагаж давтах арга үр дүнтэй байдаг. Жишээ нь: "Цас орж байна" том хүн хэлнэ, хүүхэд давтана. Ийнхүү давтах үед хүүхдийн анхаарал төвлөрөл, дуу авиа ялгах, хэллэгийн уялдаа зэрэгцэн хөгждөг.
4. Өдөр бүр тогтсон цагт, богино хугацаагаар
Тархины судалгаагаар шүлгийг богино хугацаагаар, тогтмол цагт давтах нь урт хугацааны ой тогтоолтыг сайжруулдаг болохыг тогтоосон байдаг. Өдөр бүр ижил цагт жишээлбэл, өглөө цэцэрлэгтээ явах замд эсвэл орой унтахын өмнө шүлгээ давтах нь тархинд дотоод хэмнэл, дасал бий болгож, үгсийг илүү хурдан тогтоох, илүү удаан хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг.
5. Магтаал, урамшуулал ашиглах
3-5 настай хүүхэд сэтгэл хөдлөлийн урамшуулалд хамгийн мэдрэмтгий байдаг.
Шүлэг уншиж дууссаны дараа "Өнөөдөр илүү тод хэллээ", "Бараг бүхэлд нь цээжилчихлээ шүү дээ" гэх мэт тодорхой урамшууллын үг хэрэглэх нь тархины "урамшууллын төв"-ийг идэвхжүүлж, "Би чадах юм байна, дахин оролдъё" гэсэн хүсэл төрүүлдэг.
Судалгаагаар шүлэг цээжлэх үйл явц тархины урамшууллын болон ой тогтоолтын төвийг идэвхжүүлж, суралцахуйн суурь чадварыг бэхжүүлдэг болохыг харуулжээ (Gathercole & Alloway, 2008; Cowan, 2014).
Г.Төмөрзаяа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна