П.Сайнзориг: Мөнгө нь байсаар атал мансуурсан залуустаа зарцуулахгүй байна

Admin
2025/10/23

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар төсвийн асуудлыг хэлэлцэв.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Нийслэлд газрын асуудлыг шийдэхгүй байгаа тул сургууль, цэцэрлэг барих хэцүү гэдэг асуудлыг ярьж байна. Засгийн газрын зарим санаачилга баймаар байна. Яагаад хувийн хэвшил 5-6 давхар сургууль, цэцэрлэг барьж болдог. Улс яагаад хоёр давхраас илүүг барьж болохгүй гэж. Хүүхдийн аюулгүй байдлыг тооцож байгаад наад зах нь стандарт өөрчлөхөд л бидэнд боломж байгаа. Гэтэл юу ч хийхгүй. Бие бие рүүгээ худлаа хэлээд л сууж байдаг.

Архины сан гээд мансуурсан, дэлгэцийн, тоглоомын донтой хүмүүсийн асуудлыг шийдэх эмнэлэг байгуулах тусгай сан бий. 20 тэрбум төгрөгийн санхүүтэй. Гэтэл зарцуулалтыг нь хийж өгдөггүй. Тэгсэн хэр нь мансууралттай, архидалттай тэмцье гээд байдаг. Энэ бодлого чинь бүгдийг нь хорих гээд байгаа юм уу.

Монгол хүн бол хамгийн том мега төсөл гэсэн ч залуус нь архинд, мансууруулах бодист живчихсэн. Эмчилье, мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулъя гэдэг асуудалд мөнгө нь байсаар байхад зарцуулахгүй. Ингэж эс үйлдэхүйгээрээ мансуурлыг дэмжиж байгаа юм. Ийм байж болох юм уу, нөхөд өө.

Үүнд Сангийн яам Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Архины санд хөрөнгө төвлөрсөн. Зарцуулах гэхээр зарлагын хязгаартаа тулчхаад асуудал бий. Шийдэл нь Хуульзүйн сайдын багц дотроо зардлаа бууруулах замаар багтаах” хариулав.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.10.23/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. УИХ-ын гишүүд олон жил хуульд тусгаад хэрэгжихгүй байгаа заалтуудыг цаашид яаж шийдэх вэ гэдгийг тодруулсан. Засгийн газраас хяналт хэрэгжүүлэх ажил УИХ-тай уялдаж явах ёстой. УИХ-ын Тамгын газрын тайлангийн үнэлгээний системийг Засгийн газрынхтай нэгтгэж, цахимжуулаад их өгөгдөлд боловсруулах шаардлагатай гэв. Ингэснээр системд нэгтгэсэн мэдээллийг хараад дүгнэхэд хялбар болно гэв.

Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын журам огт хэрэгжээгүй байна. Байнгын хороо хэрэгжээгүй гэсэн мэдээлэл оруулж ирж байхаар учир шалтгаан, тоон мэдээллийг оруулж ирэх хэрэгтэйг сануулж, хууль шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв. Засгийн газраас 1300 гаруй хуулийн заалтыг хасах санал хүргүүлсэн байна. Мөн Хууль зүйн сайдыг яаралтай томилж ажиллуулмаар байна гэдэг саналыг УИХ-ын гишүүд хөндлөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөөлөлд шүүх, ШЕЗ, дээд шүүхийн төсвийг урьдчилж яриад, дараа жил хасаад оруулж ирсэн  төсвийг дахиад ярилцдаг байж болохгүй гэсэн саналыг хэллээ. Засгийн газар шүүх засаглалын төсвийг хараат байх зарчмаа баримталж, байнгын хороогоор нөхцөл байдлыг сонсох нь зүйтэй гэж хариулав. Төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ урсгал зардлыг хэмнэхээ тодотгож иргэдээс санал авсан.

Гэтэл сургууль цэцэрлэгийн хувьд хэрэгцээтэй байгаа 108 дунд сургууль, нурааж шинээр барих 28 сургууль шаардлагатай байгааг мөн гишүүд хэллээ. Зарчмын зөрүүтэй дөрвөн санал хурааж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ шилжүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.27.215
7 цагийн өмнө
0
0
Энэ залуугийн сэтгэдэд юм суусан байна даа. Нямбаатар, Оюунэрдэнэ_ херо Баатар, Х. Баттулга нартай нийлж идсэн уусан нь илчлэгдэх гээд байгаа юм байх даа. Уг нь гайгүй залуу байсан.
Хариулах