Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавив

Admin
2025/10/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс УИХ-ын тогтоолд хориг тавьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа. 

2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр тогтоолд хориг тавих тухай. Монгол Улсын Их хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14:00 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их хурлыг 2025 оны 25 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна. 
Нэгдүгээрт, МУИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь ЕС-ыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх  уг саналыг дэмжсэн бол ЕС-ыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно. Мөн МУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт УИХ-ын нийт гишүүний олонх ЕС-ыг огцруулах саналыг дэмжсэн бол ЕС-ыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцон хэмээн тус тус заасан. Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу ЕС-ыг огцруулах саналыг дэмжих эсэхээр УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЕС-ыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш ТББХ-ны ЕС-ыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ нь МУҮХ-ийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Түүнчлэн ҮХ-ийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ҮХ-д хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаанд бүрнээ нийцсэн байвал зохино гэдэг заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна. 
Хоёрдугаарт, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. МУҮХ-ийн 27.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, ҮХ-д өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ МУИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийн 7.7.1-т хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно хэмээн тус тус заасан. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 6.6.2-т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09:00 цагаас эхлэн ирцдээ бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09:00 цагаас эхлэн УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 6.6.2-т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь чуулганы Дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ. Энэ нь МУҮХ-ийн 1.2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн 27.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, ҮХ-д өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.      
Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон ҮХ дээдлэх зарчим зөрчигдөх нь МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд МУИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна