ЧУУЛГАН:ИРЭХ ОНД 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГАДААД ЗЭЭЛ АШИГЛАНА

Admin
2025/10/09

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ болон холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд инфляцыг 7 хувьд барихаар төлөвлөжээ. Засгийн газрын өрийн дээд хязгаарыг 2026 онд ДНБ-ний 50 хувь, 2027-2028 онд тус бүр 45 хувь байхаар тооцсон. Мөн эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг түлхүү тооцож 5.7 хувиар нэмэгдүүлэхээр төсөөлсөн байна. Монгол орны эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох нүүрсний экспортыг 90 сая тн-д хүргэхээр төлөвлөсний 40 сая тонн нь гэрээгээр баталгаажсан байна.

Одоогийн байдлаар гадаад зээлийн ашиглагдаагүй 13.6 их наяд төгрөг байгаагийн 4.9 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт байна. Ирэх онд гадаад зээлийн 1.5 их наяд төгрөг ашиглахаар төлөвлөсний 210 тэрбум төгрөгийг газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тусгагдсан. Газрын тос боловсруулах үйлдвэр нь 2028 онд ашиглалтад орох юм.

УИХ-ын гишүүдийн зүгээс татварын багц хуулийн татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэл хангалттай тусгаагүй байгаа тухай, гадаад зээлийн зарцуулалтыг үр дүнтэй ашиглах, нүүрсний экспортын хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн байгаа тухай, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүний хөгжлийн бодлогыг хангалттай тусгаагүй байгаа талаар санал хэлж, тодруулга авсан юм.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монголбанкны мэдээлэлд “Энэ онд мөнгөний бодлого амжилттай хэрэгжсэн тоон үзүүлэлтүүд гарсаар байна. Эдийн засгийн өсөлт 35.6 хувьтай байгаа нь үүнийг баталж байгаа юм. Харин одоо зээлийн өсөлт 23 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 15-20 хувьтай байна гэсэн төсөөлөл байна” гэлээ. Арилжааны банкуудын гаргасан нийт зээлийн хэмжээ 42.2 их наяд, үүний 39 хувь нь бизнесийн, бусад нь хэрэглээний зээл байна. Мөн арилжааны банкууд ногоон бонд гаргаад эхэлсэн бөгөөд 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна