Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Засгийн газраас 2025 оны наймдугаар сард 55 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгатай тогтоол өмнө нь 10 удаа гарч байсан. Есөн удаа гарсны арав дахь энэ юм. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, эдийн засаг уналтад орсон байлаа.
Биржийн арилжаа зогссоноос болж нийт экспортод арав хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөлтэй л байсан. Улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан. Эмч багш зэрэг төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэвэр, бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгө орж ирэхгүй гацчихсан байсан.
Бид 50 хувьд урт хугацааны том гэрээ, 50 хувьд биржийн арилжаагаар нүүрс экспортлох шийдвэр гаргасан юм. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн арилжаа яагаад чухал юм бэ гэхээр АМНАТ шууд улсын төсөвт орж ирдгээрээ энэ их чухал. Мөн энэ 55 дугаар тогтоолтой ижил гэвэл Ашигт малтмалын тухай хууль байна. Эдгээр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар өмнөх тогтоолуудтай ижил тогтоолыг л гаргасан. Сонирхолтой нь, энэ арван тогтоолд олон янзын хувилбар явж байжээ.
Тухайлбал, 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх шийдвэрийг ч гаргаж байж. Асуудал яриад байгаа гишүүн өөрөө ХЗДХ-ийн яаманд ажиллах хугацаандаа дээрх 9 тогтоолын тавд оролцож шийдвэр гаргажээ. Энэ тогтоолд гэрээний үнээр буюу татвараас зугтаах боломж олгосон нь ч байна. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах энэ шударга ёсоо ярьж байсангүй вэ. Шударга байх хэрэгтэй шүү дээ.
Г.Занданшатарын Засгийн газар үнэнийг хэлье, бодит байдлыг нээлттэй болгох л уриа дэвшүүлж байгаа. Дарга цэргээ томилж, цэрэг нь хулгай хийдгийг болиулах гэж Биржийн хуулийг бий болгосон юм. Биржийг болиулах юм бол оффтэйк том гэрээнүүд явна. Бирж бол төр, хувийн гэлгүй бүх дотоодын компаниа авч үлдэх боломж юм” хэмээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна