УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль, Төсвийн болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж “шүгэл үлээв”. Ерөнхий сайдад асуулга тавьсан тэрээр Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдчихлээ. П.Сайнзоригийн Г.Занданшатар руу хандсан шүүмжлэл өнгөрсөн наймдугаар сарын 20-нд баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолоос үүдсэн байна. Уг шийдвэрийн 3.11-т зааснаас харахад нүүрс, жоншийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл АМНАТ-аас бараг л чөлөөлчихөж.УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн наймдугаар сарын 20-нд баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолыг том бизнес, том компанид найр тавьсан гэж хардаж байна. Он дуустал хэрэгжих тус тогтоолд яг ямар заалт туссаныг лавлаж харъя. Ахиад онцлоход жонш, нүүрснээс АМНАТ бараг л авахгүй гээд заачихаж. Бүр тодруулж хэлбэл тус тогтоолын 3.11-т “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, АМНАТ ногдуулна” гэсэн заалт дурайж байна.
Ерөнхий сайд АМНАТ чөлөөлөөгүй бол 200 цэцэрлэг барих байв
Хар үгээр хэлбэл экспортолж буй нүүрсний 25 хувийг биржээр, 75 хувийг биржээс гадуур зарна, гэхдээ АМНАТ-ыг нь биржийн үнээр тооцож авна гэсэн шийдвэр өнгөрсөн наймдугаар сард гарчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хоёрын гарын үсэгтэй шийдвэр он дуустал хэрэгжинэ. Ингээд харахаар нүүрс экспортлогчид он дуустал АМНАТ-аас бараг л чөлөөлөгдчихсөн байна.
Бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Ингээд харахаар нүүрс экспортлогчид он дуустал асар их мөнгө АМНАТ-д төлөх байснаасаа чөлөөлөгджээ. Гэтэл нөгөө талд эдийн засаг тааруу, гадаадын хөрөнгө оруулалт таг гацсан хэцүү дүр зураг харагдаж байгаа. “Эмч, багш нарын цалинг нэмэх боломжгүй” гэж Сангийн сайдаасаа Ерөнхий сайд хүртлээ мэдэгдчихсэн суугаа ийм хүнд цагт хамгийн ашиг, мөнгө олж байгаа уул уурхайн компанийн татвар, төлбөрийг ганц тогтоол гаргаад чөлөөлнө гэдэг цагаа мэдрээгүй шүүмжлэл.
Бүр тодруулж хэлбэл уг тогтоолд экспортолж буй нүүрсний 25 хувийг биржээр, 75 хувийг биржээс гадуур зарж болно гэсэн заалт дурайж байна. Гэхдээ АМНАТ-ыг нь биржийн үнээр тооцож авна гээд заачихаж. Гэтэл бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Төгрөгт шилжүүлбэл 140 мянган төгрөг давсан том зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл нүүрс экспортлогчид он дуустал АМНАТ-аас ер нь л чөлөөлөгдчихсөн гэсэн үг.
Эдийн засаг хэцүүдсэн үед ийм том зөрүүг АМНАТ-аас чөлөөлнө гэдэг бүдүүн зүрхтэй Ерөнхий сайдын л хийх ажил гэж учир мэдэх улс толгой сэгсэрч байна. Г.Занданшатарын гаргасан 55 дугаар тогтоол он дуустал хэрэгжсэнээр төсөвт нүүрснээс орж ирэх 200 тэрбум төгрөг орж ирэхгүй нь тодорхой болчихож. 200 тэрбум төгрөг бол 200 цэцэрлэг өлхөн барьчих мөнгө.
Ухаахудагаас иргэдэд наалддаг АМНАТ-ийг тэглэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ
Ерөнхий сайдын мутарласан уг тогтоолд нүүрснээс гадна жонш гэсэн үг бий. Гэвч “Жонш бол нэр хаах гэж оруулсан үг төдий, жоншны экспорт нүүрстэй харьцуулахад хумсын толионы чинээ зүйл” гэж эдийн засагчид онцолж байна. Тэгэхээр нүүрсэн дээр л энэ хөнгөлөлт жинхэнэ утгаараа, бүрэн дүүрэн хэрэгжинэ гэсэн үг.
Жижиг Тавантолгой гэх мэт жижиг экспортлогчдыг эс тооцвол нүүрс экспортлодог хувийн ганцхан том компани манай улсад бий. Тэр нь MCS-ийн охин компани болох “Энержи ресурс”. Ингээд харахаар “Энержи ресурс”-т л энэ шийдвэр ашигтай тусч байна. Тэгэхээр П.Сайнзориг гишүүний хэлээд байгаа 200 тэрбум төгрөгийн бараг ихэнх нь төсөвт биш, нүүрсний монополь экспортлогч компанийн халаасанд орно гээд багцаалдчихаж болно.
АМНАТ бол монгол хүн бүр байгалийн баялгаас өгөөж хүртэх эрхтэй гэх Үндсэн хуулийн зарчмыг амьдрал дээр бодит утгаар нь хэрэгжүүлж буй төлбөр л дөө. Үгчилж задалбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн утгатай тодорхойлолт. Ухаа худагийг гэхэд “Энержи ресурс” дангаараа эзэмшдэг. Тэр утгаараа нүүрс экспортолж олсон бүх ашиг нь “MCS”-т ирдэг. Хятадын зах зээлд өндрөөр үнэлэгддэг коксжих нүүрсний баялаг нөөцтэй цор ганц шахуу энэ ордоос монголчууд АМНАТ гэх мэт татвар, төлбөрөөр дамжуулж л өчүүхэн өгөөж хүрсээр өнөөг хүрсэн. Гэтэл төсвөөр дамжуулж иргэдийн хүртдэг энэ багахан өгөөжийг Г.Занданшатар авахгүй гэсэн шийдвэр гаргаж, MCS-т найр тавьчихжээ. Илтэд хууль зөрчсөн энэ үйлдэлд нь П.Сайнзориг гишүүн дургүйлхэж цэцэд хандахдаа тулсан юм байна. Товчхондоо Г.Занданшатарын тогтоол “MSC”-т тэрбум тэрбумын ашиг, төсөвт тэрбум тэрбумын хохирол авчирчээ.
Г.Занданшатарт том компани, том мөнгөний төлөө АМНАТ-ыг тэглэх санаа байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал учраас мань эрд хэчнээн санаа нь байвч гүйцэлдүүлж чадахгүй. Гэхдээ АМНАТ-аас хэдхэн сарын хугацаанд хэдэн зуун тэрбумаар чөлөөлнө гэдэг эдийн засагт халтай шийдвэр. Ухаахудагаас иргэдэд наалддаг АМНАТ-ыг бүр тэглэчихвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Учир нь төсөвт орж ирдэг мөнгөний ихэнх хэсгийг уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дийлэнхийг нүүрс эзэлдэг юм.
Г.Занданшатар ганц компанид зориулсан шийдвэр яагаад гаргах болов?
Г.Занданшатар ганц компанид зориулсан ийм шийдвэр яагаад гаргах болов гэсэн асуултыг хариултгүй үлдээж болохгүй. Хариулт олохын тулд түүнийг Ерөнхий сайд болсон үе рүү буцаж очих учиртай. “Ухаа худагийн өгөөжийн тодорхой хувийг ард түмэн хүртэх ёстой” гэж мэдэгдээд MCS-ийг хэлэлцээрийн ширээний ард дуудсан анхны Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ. Гэвч MCS-ийн удирдлагууд хэдэнтээ дуудсан ч хэлцэлд нь ирээгүй юм. Ордонд Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын MCS-ийн мөнгөөр УИХ-д орж ирсэн гэгддэг гишүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвийг “бойкотлож”, Төв талбайд О.Уламсайханаар тэргүүлүүлсэн хүмүүс “Нотол”, “Огцор” гэх мэт өндөр мөнгөн дүнтэй, асар нарийн зохион байгуулалттай жагсаал зохион байгуулсны эцэст Л.Оюун-Эрдэнийн Засгийг газар унаж байв. Дан ганц MCS мөнгө гаргаад унагачихдаг хөнгөхөн ажил биш л дээ, засаг унагах акц. Гурван үсэгтэй энэ компанийн ард өөр ч том хүч бий. Тэр бүгдийг бичвэл цаг, зай талбай их орох учраас ингэсгээд орхиё.
Өнгөрсөнд өрнөсөн энэ бүхнийг эргээд харахаар Ерөнхий сайд улстөрийн карьер нь нэгэнт дуусчихсан өөрийг нь гүйцэтгэх засаглалын тэргүүний өндөр суудалд залж өгсөн “MCS”-т өрөө төлжээ. Тодруулж хэлбэл Засгийн газрын 55 дугаар тогтоолоор ач санасан сэтгэлээ илэрхийлсэн болж таарч байна. АМНАТ-аас өчнөөн тэрбумаар нь чөлөөлж өрөө төлнө гэдэг бас л том хариу. “MCS”-ийг О.Уламсайхан гэж залуугаар авторласан өндөр зохион байгуулалттай өчнөөн өдрийн жагсаалд дор хаяж гуч, дөчин тэрбум төгрөг зарцуулсан гэх хардлага таамаг дуулддаг. Ингээд бодохоор MCS Л.Оюун-Эрдэнийг унагасан жагсаалд хийсгэсэн мөнгөө хэд нугалаад олчихож.
Н.Мөнхсүх
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна