УИХ-ын гишүүн Б.Жавхлан гурван жилийн хугацаанд Сангийн сайдаар ажиллаж байна. Энэ хугацаанд тэтгэмж, халамж, даатгалын сан хоосорч, иргэдэд олгогдох ёстой мөнгө хойшлох, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх нь энгийн үзэгдэл боллоо. Оны сүүлийн саруудад төрөл бүрийн тэтгэмж, даатгалын сан хоосордог болсон нь нууц биш. Тэтгэмж, даатгалын сангууд хоосорсон хэдхэн факт дурдъя.
Нэгдүгээрт: Яг жилийн өмнө аравдугаар сарын 25-ны өдөр даатгалын сан хоосорсны улмаас эмч нар цалингаа авч чадахгүйд хүрч мэдэгдэл хийж байлаа. Эрүүл Мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Нарантуяа: "11, 12 дугаар сард эмч ажилтнуудын цалинг тавьж чадахгүйд хүрсэн. Яагаад гэвэл даатгалын сан хоосорчихсон байгаа. Тэгэхээр энэ санхүүжилтийн гажуудлаас гаргахын тулд төрөөс нэгдсэн бодлогоор тодорхой арга хэмжээ авч шийдээч ээ гэдэг юмыг жагсаалаараа хэлсэн байгаа" гэв. Гэвч энэ асуудал нийгмийн цөөнх мэргэжилтнүүдийг хамарсан асуудал тул тэр бүр хүмүүс тоосонгүй орхисон.
Хоёрдугаарт: Эмч нарын асуудлын хэншүү ч намжиж амжаагүй байтал удалгүй Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон тул иргэдийг улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ мөнгөө төлж байхыг анхааруулсан мэдээлэл гарсан. Үүнд иргэдийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол-Японы хамтарсан эмнэлэг болон нийслэлийн БЗД-ийн Эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд санхүүжүүлэхгүй гэсэн тул төлбөртэй үйлчилнэ үү” гэх мэдээлэл гаргасан юм. Улмаар "Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон, оны сүүл гэхэд эмнэлгүүдийн төсөв хүрэхгүй дуусдаг” гэсэн тайлбар мэдээлэл гарч байв. Энэ мэдээлэл нь олны анхаарлын төвд орж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн учраас удалгүй эмнэлгүүд хэвийн даатгалаараа үйлчилж эхлэв.
Гуравдугаарт: Хамгийн сүүлд л гэхэд өнөөдрийн байдлаар залуусын авч болох хэдхэн төрлийн тэтгэмжийн нэг ажилгүйдлийн тэтгэмжийн сан хоосорсон байна. Яг одоогийн байдлаар ажилгүйдлийн тэтгэжээ 3 сарын хугацаанд авч чадаагүй иргэд олон байна. Нийгмийн даатгал төлдөг иргэн бүр ямар шалтгаанаар ажлаас гарсан нь үл хамаар авдаг байсан цалингийнхаа 45-70 хувийг авдаг юм. Гэвч иргэд авдаг цалин бүрээсээ 13.5 хувийг нийгмийн даатгалд төлдөг ч хэрэгцээтэй үедээ тэтгэмжээ авч чадахгүй байдалтай байна. Энэ тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад, “Сангийн яамнаас санхүүжилт олгохгүй байгаа тохиолдолд иргэдэд хүрэх халамж, тэтгэмж саатдаг. Мөн төрийн албыг цомхон болгох, үндэсний хороонууд татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмж авах нь төсөвлөсөн хуваариасаа тооцоолох боломжгүй өндөр болсноос болж ажилгүйдлийн даатгалын сан хоосорсон” гэж хэлсэн юм.
Энэ мэтчилэн нэгхэн жилийн хугацаанд хэд хэдэн удаа төрөл бүрийн сангууд хоосорч, иргэд хохирч байхад Сангийн сайд Б.Жавхлан ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Аравдугаар сарын 1-ны өдөр Байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр УИХ-ын Гишүүн Н.Алтанхуяг ч Сангийн сайд Б.Жавхланг ажлаа хангалтгүй хийж байгааг дүгнэж, шүүмжлээд амжлаа.
УИХ-ын Гишүүн Н.Алтанхуяг: Б.Жавхлан чиний үед Монгол улсын гадаад өр зээл дампуурлаа шүү дээ. Чиний үед манай Монголын санхүү дампуурлаа. Яагаад энэ ардын намын сайд нар ажлаа муу хийгээд бүх юм нь дуусаад байхад сайд нар нь яагаад байгаад байдаг юм. Өөр үзүүлэлтээр нь байлгаад байдаг юм уу?
Үнэхээр Сангийн сайд Б.Жавхлангийн үед олон ч сан удаа дараа хоосорч, Монголын санхүү элгээрээ хэвтэж дампуурч байна. Гэсэн ч улсын түрийвчийг атгадаг Сангийн сайд Б.Жавхлан ямар нэгэн хариуцлага хүлээж, огцорсонгүй. Уг нь жирэмсэн эмэгтэй тавчигчтай гарахад ерөнхий сайд огцордог хариуцлагатай төртэй байсан сан. Удаа дараа улсын санхүүг шаварт чирч, хоосон сангуудын дээр тухлан суусан Сангийн сайд Б.Жавхлан та ажлаа хийж чаддаггүй гэдгээ сайн харууллаа. Одоо чаддаг хүнд нь ажлаа өгнө үү!
Сэтгэгдэл (1)