Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ.
"Хамтын хүч" жигүүр хэвлэлийн хурлаар: МАН-ын бага хурлын үеэр намын даргад нэр дэвшсэн өрсөлдөгч талуудын байр суурь зөрүүтэй байгааг тэдний өнгөрсөн хугацаанд хийсэн мэдэгдлүүдээс харж болохоор байна. Бага хурлын шийдвэр намын гишүүдийг эвлэрүүлэн, нэгтгэх бус улам талцан, хагаран бутаргах нөхцөл байдалд орууллаа. Улмаар намын дотоод асуудал гэхээс илүүтэй, төрийн хямралын түвшинд хүргэж, цаашдаа улс орныг тогтворгүй байдал руу түлхэн оруулах нөхцөл бүрдэж байгаад "Хамтын хүч" жигүүрийн зүгээс гүнээ харамсаж байна.
Тиймээс намын даргад нэр дэвшсэн талууд асуудалд ухаалгаар хандаж, Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна.Хэрэв цаашид та бүхний үйлдэл улс орныг хямрал руу улам гүн түлхэх аваас МАН-ын гишүүд бид та бүхнээс аливаа улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө зарим гишүүдийг намаас хөөх шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хороо удаа дараа гаргасан. Хэт нэг талыг барьж, явцуу шийдвэр гаргаж байгаа нь намын эв нэгдлийг сарниулж байгаад харамсаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар МАН-ын үндсэн дүрмийн 33.7-д заасны дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардаж байна.Түүнчлэн бид "Хамтын хүч" аяныг МАН-ын их хурал хүртэлх хугацаанд Монгол орон даяр эхлүүлж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)