Монголд оны сүүлийн саруудад эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаас авдаг тэтгэмж, тэтгэвэр, халамжийн сангууд хоосордог нь нууц биш. Үүний нэгэн адилаар 2025 он дуусахад гуравхан сарын өмнөөс л ажилгүйдлийн тэтгэмжийн сан хоосроод эхэллээ.
Нийгмийн даатгал төлдөг иргэн бүр ямар шалтгаанаар ажлаас гарсан нь үл шалтгаалан авдаг байсан цалингийнхаа 45-70 хувийг гурван сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжээр авах боломжтой байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж бол залуус төрөөс авдаг хэдхэн тэтгэмж байдгийн нэг нь. Иргэд өөрсдийн өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг л эргээд авч байгаа хэрэг. Энэ бол огт халамж биш бөгөөд дараагийн ажлаа хайж буй залуус төдийгүй иргэдэд хэрэгцээтэй тэтгэмж юм. Гэвч зарим иргэд гурван сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй байдалтай байна. Бид өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж орохгүй байгаа тухай нийгмийн даатгалын газраас тодруулж мэдээлж байв. Тэгэхэд “Сангийн яамнаас санхүүжилт олгохгүй байгаа тохиолдолд иргэдэд хүрэх халамж, тэтгэмж саатдаг. Мөн төрийн албыг цомхон болгох, үндэсний хороонууд татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмж авах нь төсөвлөсөн хуваариасаа тооцоолох боломжгүй өндөр болсноос болж Ажилгүйдлийн даатгалын сан хоосорсон” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариулж байсан юм.
Төрийн албыг цомтгон хэчнээн хүн ажлаас гарснаас үл хамааран хүн бүр хохиролгүй тэтгэмжээ авч байх ёстой ч ийм хариуцлагагүй тайлбар өгөх нь утгагүй зүйл. Уг нь улсын санхүүгийн түрүүвчийг атгадаг Сангийн яам энэ асуудлыг мэдэж, тухай бүрд мэдээлэл өгч, аль шатанд асуудал үүссэнг олж тогтоон хариуцлага аа үүрүүлээд явах ёстой. Үүнд нийгмийн даатгалын ерөнхий газар болон бусад төрийн мөнгийг хуваарилан хүртээгч нар ч хариуцлага үүрч, гарсан асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Гэвч аль ч яам, газрууд нь мэдээлэл өгөхөөс зугтааж, иргэдийн асуудлыг шийдэхээс татгалзаж байна. Дээрх ажилгүйдлийн тэтгэмжийн талаар Сангийн яамнаас тодруулах гэсэн боловч “Энэ долоо хоногт төсөв хэлэлцээд, яриа өгөх хүн байхгүй байна” гэдэг хариултыг бидэнд өгсөн юм. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яамнаас мэдээлэл авах нь од шүүрэхтэй адил хэцүү болсон. Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудлуудыг мэдэж байгаа гэдэгт эргэлзээтэй байна. Уг нь тэрбээр төсвийг захиран зарцуулах гол үүрэгтэй институтийн сайд. Түүнийг УИХ-ын зарим хамтран зүтгэгчид нь ажлаа олигтой хийхгүй байгаа талаар шүүмжлээд эхэллээ. Тухайлбал, Аравдугаар сарын 1-ний өдөр Байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр УИХ-ын Гишүүн Н.Алтанхуяг, “Чиний үед Монгол улсын гадаад өр зээл дампуурлаа. Чиний үед манай Монголын санхүү дампуурлаа. Яагаад Ардын намын сайд нар ажлаа муу хийгээд, бүх юм нь дуусаад байхад станц нь хүртэл дэлбэрээд байхад сайд нар нь яагаад байгаад байдаг юм” гээд хатуухан үг хэлээд амжсан юм. Ажилгүйдлийн тэтгэмжийн сан хоосорсноос эхлээд гадаад өр гээд Монголын санхүү Б.Жавхлан сайдын үед дампуурч байгаа нь үнэн болоод байна.
Сэтгэгдэл (1)