Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэн баталлаа

Admin
2025/10/02

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг Засгийн газрын /2025.10.01/ хуралдаанаар шинэчлэн баталлаа. 

Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,

1. Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;

3. Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсвэл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;

4. Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас  протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсвэл хийлгэх;

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.

Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага цөөрч, үйлчилгээ цахимжиж, хяналт үнэлгээ сайжирна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна