МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээснийхээ маргааш нь нүүрсний хулгайн тухай мэдээлэл хүргэнэ хэмээн мэдэгдэл хийхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа мэдэгдсэн.
МАН-ын Бага хурлын 8-р хуралдааны өмнө МАН-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл эхэлж УИХ-ын гишүүн Д.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаарх ноцтой мэдээллийг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн үеэр ярьсан байдаг. Гэвч нүүрсний хулгайч, хүн амины гэмт хэрэгтэн хэмээн цоллуулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ялалт байгуулж, харин ялагдал хүлээсэн Г.Занданшатар маргааш өглөө нь буюу 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ард түмэндээ мэдэгдэл хийсэн. Мэдэгдлийн үеэр”Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэх ёстой, нүүрсний хулгайчтай тэмцэх юм бол эдийн засаг сэргэнэ. Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн уурхайн баяжуулах үйлдвэрийг 1,1 их наяд төгрөгөөр уурхайгаас 18 км зайд барьснаас болж, дахиад 280 тэрбум төгрөгөөр конвер барих шаардлагатай болсон. Үйлдвэрээ ашигласан бол ирээдүйд 44 их наяд төгрөг байтугай орлого олох байсан. Иймд Монгол улсын Ерөнхий сайд би онцгой бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Ингээд МАН-ын сонгуулийн өмнө илтэд Г.Занданшатарын талд ажилласан Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаатар 100 дахь хоног дээрээ ажлаасаа чөлөөлөгдөв.
Г.Занданшатар УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсан боловч өнөөдөр МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж буй. Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж, тогтвортой авч явах ёстой ч 100-хан хоногийн өмнө томилсон томилгооноосоо буцаж яагаад шинэ сайдыг сонгох болов. Нүүрсний хулгай, хүн амины гэмт хэргийн талаар чухам яагаад МАН-ын сонгуулийн өмнөхөн шүгэл үлээв, ямар нөхцөлтэйгөөр албан тушаал наймаалцав гээд ард түмний дунд асуулт их бий.
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Д.Энхбаярын хэлсэнчлэн Д.Амарбаясгалантай холбоотой нүүрсний хулгай, хүн амины хэрэг үнэн бол намынхаа даргатай хэрхэн тэмцэж, шударга ёсыг тогтоохыг харах үлдлээ. Үнэн нь батлагдвал бид ард түмний төлөө бус хувийн ашиг сонирхлын төлөө ажиллаж буй УИХ-ын даргатай гэсэн үг. Нөгөөтээгүүр Ерөнхий сайд Г.Занданшатар хувийн өш хонзон, албан тушаалын төлөө энэ мэтчилэн өөрийн томилсон сайд нараа сольж, наймаалцсаар байх уу? Хэлэлцэх хууль, батлах төсөв, шийдэх асуудал их байтал өнөөдрийн байдлаар УИХ-ын чуулгандаа суух гишүүд алга. Уг нь бол УИХ-ын гишүүдийн үндсэн чиг үүрэг нь хууль батлах, санаачлах, хуулиа сурталчлах, хяналт тавих юм. Сандал, суудлын маргаантай энэ үед чухам гишүүдийг хэн, хаашаа дуудаж байна вэ? кноп худалдагдаж байгаа юм биш биз, бид хардах эрхтэй!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна