МАН-ын даргын суудлын төлөө эрх баригчид улайрдгийн учир

Admin
2025/09/29

Улстөрийн хамгийн хүчтэй намуудын нэг болох Монгол Ардын Намын даргын асуудал өнгөрсөн долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. МАН-ын шинэ даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж 20 цаг үргэлжилсэн бага хурлаас Б.Амарбаясгалан тамгаа гардан авсан юм. МАН-ын сонгуулийн эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтад нэр дэвшигч Г.Занданшатар өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан. Ингээд Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцсон бөгөөд 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг дахин ялалт байгуулсан юм.

Тус сонгуулийн өмнө МАН-ын даргад нэр дэвшсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тухай мэдээллүүд цацагдсан. Тодруулбал NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцсон. Ингэхдээ экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын шинэ даргын сонгуульд нэр дэвшиж буй, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын тухай ноцтой мэдээлэл хүргэсэн юм. Хамгийн чухал нь нүүрсний сонсголын гол гэрчүүдийн нэг гэгдэх, Адменирал компанийн хөрөнгө оруулагч Х.Хасбаатар агсны амийг Д.Амарбаясгалан хөнөөсөн хэмээн мэдэгдсэн. Энэ мэтчилэн ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, намын даргын сонгуулийн өмнө өрсөлдөгчийнхөө булхайг дэлгэдэг үзэгдэл уламжлал болон тогтоод буй.

Тэгвэл МАН-ын даргын суудлын төлөө эрх баригчид юунд ингэж улайрдаг вэ?

Монгол Ардын Намын даргын суудал нь зөвхөн намын дотоод удирдлагын асуудал биш, улсаар дамнасан шийдвэр гаргалт, бодлого тодорхойлолтод шууд нөлөө үзүүлдэг. Даргын суудалд хэн томилогдохоос шалтгаалан намын бодлого, хөтөлбөр, засгийн газрын чиглэл, тэр байтугай ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэгт хүртэл нөлөө үзүүлдэг юм. Мөн намын дарга нь дараагийн УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль зэрэг томоохон кампанит ажлыг удирддаг.

МАН олонхи байвал намын дарга нь

  • Ерөнхий сайд байх,
  • УИХ-ын дарга болох,
  • Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой.
Энэ нь “намаар дамжин төрийн эрх барих” гол гүүр болдог. Жишээ:
  • У.Хүрэлсүх → МАН-ын дарга → Ерөнхий сайд → Ерөнхийлөгч
  • Л.Оюун-Эрдэнэ → МАН-ын дарга → Ерөнхий сайд байсан. 
Мэдээж энэ албан тушаал нь зөвхөн улс төрийн оролцоо, амбиц төдийгүй хувийн ашиг сонирхлыг маш  ихээр агуулсан суудал билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна