Өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ж-д 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлүүлсэн талаараа олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байдаг.
Улмаар хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ж-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Ч.Жавхлантын хувьд /2024-10-28/-ны өдөр хохирогчийн ах цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан. Өдгөө 11 сар орчмын хугацаанд цагдан хоригдож буй юм.
Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Өнөөдөр /2025-09-01/ түүнд холбогдох хэргийн шүүх хурал БЗ,СБ,ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж 7 жил хорих ял оноосон байна.
Яллах дүгнэлтэд хамаарах зүйл ангийг тодруулбал,
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
12.1 Хүчиндэх
2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (2)