н.Дугуйхүү: Хүү минь хүнээс хулгай хийхгүй, ажил хийж л "мөнгө" авна гэдгийг сайн мэддэг

М.Үүрээ
2025/01/07

Замын голоор гүйх энэ залууг Д.Эрдэнэбат гэдэг. Амьдарлыг “цагаан” өнгөөр хардаг түүнийг гурав, дөрөвдүгээр хороололд танихгүй хүн ховор. Тэд түүнийг "Баадай" гэж хочилдог байна.

Хүнд юм өргөж яваа эмээ өвөө нарт тусална, хажуу лангууныхаа эгчийн хогыг асгаж өгнө гээд түүний тусархуу занг хүн бүхэн л шагшина. Тэрбээр ээжтэйгээ хамт хороололд гэр ахуйн бараа зардаг төдийгүй  ээжийнхээ нүд чих, хөл гар болсон цор ганц түшиг нь. Замын голоор гүйж машины толь арчиж өгч өдөрт 20-30 мянган төгрөгний орлого олдог байна. Хүнээс хулгай хийхгүй, ажил хийж л мөнгө авна гэдгийг сайн мэддэг гэнэ. 

Мөнгөө гэртээ хадгалж байгаа гэх түүний царайнд инээмсэглэл тодорно. Тэрбээр багаасаа таталт өгч унадаг байсан төдийгүй хоёр настайдаа меннингокк туссаны улмаас ийм болсон гэж ээж нь хэлсэн юм.

Бид түүний ээж Дугуйхүүтэй хэсэг хором ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу? Одоо хэдэн настай вэ?

-Намайг Дугуйхүү гэдэг. Одоо 75 настай. Анх 14 настайдаа Улаанбаатар хотод орж ирээд хүүгээ дагуулаад барилга дээр ажилладаг байлаа. Цагийн аясаар тэтгэвэрт гарч одоо ингээд хэдэн бараагаа зараад сууж байдаг ажилтай. Хүү минь өглөө намайг хүргэж өгөөд лангууг маань нээж өгчихөөд явдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй учраас энд хамт суудаггүй. Тэгээд л гадуур хүнд туслаад гүйж явдаг сурагтай. Орой хаах үед минь л ирж авна даа. /инээв/

-Хүү нь яагаад ийм болсон бэ? Төрөлхийн үү?

-Багадаа их таталт өгч унадаг хүүхэд байсан юм. Хоёр настайдаа меннингокк тусаад эмч нар нуруунаас нь ус авсан юм. Тэрнээс болсон юм болов уу гэж бас боддог. Тэгээд арав гаруй настайгаасаа хойш гэнэт унаж, татдаг өвчин нь зүгээр болчихсон. Одоо ингээд л гүйгээд явж байдаг.


-Хүү тань хорооллоор хүнд их тусалдаг гэж сонссон?

-Тийм л юм гэсэн /инээв/ Замын дундуур машины толь арчиж мөнгө олдог юм шиг байгаа юм. Надаас нуугаад өгдөггүй. Хүнсний захын худалдагчдаас 20, 30 мянган төгрөг бүхэл болгож авдаг гэсэн бодвол өдрийн орлого нь юм байлгүй. Надад цуглуулж байгаа л гэж хэлдэг. Хүү минь хулгай хийхгүй хүнд тусалж, ажил хийж л мөнгө авна гэдгийг сайн мэднэ. Муу юм хийхгүй гэмгүй цагаан сэтгэлтэй.” гэлээ.

 

 

 


 


1
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна