Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2026.05.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 15.45 цагт тус Байнгын хорооны 28 гишүүнээс 16 нь хүрэлцэн ирснээр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдаж эхлэв.
Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав.Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв.
Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь:
Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил 1 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил 4 сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асууж, үг хэлсэн. УДШ-ийн шүүгч нь шүүн таслах ажиллагааны туршлагатай байхаас гадна судлаач байх чухал. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт, шүүгчдийн ачааллыг бууруулах, шүүн таслах ажиллагааг чанаржуулах талаарх гишүүдийн асуултад нэр дэвшигч болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нар хариулав.
Тэрбээр, Улсын хэмжээнд 504 шүүгч ажиллаж байгаа бөгөөд тэдний олонх нь 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Дундаж насыг тодорхойлсны үндсэн дээр хүний нөөцөө төлөвлөдөг. Шүүх хуралдааныг заавал танхимд хийхгүйгээр, шийдвэр гаргах олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломжтой хэмээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна