Төрийн ордныхон сандал суудлын төлөө тэмцэлдэж байхад утаатай Улаанбаатрын иргэд бид шатахууны төлөө үхэлдэн тэмцэлдэж байна

Admin
2025/10/29

Шатахуун түгээх станцын урт дараалал, түгжрэл, бухимдалтай жолооч нарын дүр зураг Улаанбаатарын шинэ “өрнөл” болжээ. Шатахуун олдохгүй, эсвэл үнэ нь өсөх бүрт иргэдийн хэрэглээ, тээврийн зардал, цаашлаад хүнсний үнэ хүртэл өсдөг. Энэ нь энгийн нэгэн эдийн засгийн тооцоолол биш, харин иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж буй ачаалал юм.Гэвч энэ бүхний цаана төрийн түвшинд илүү их хэлэлцэгдэж буй сэдэв нь шатахууны хомсдол, инфляци, утаа биш, харин “хэний хэн болох”, “аль албан тушаалд хэн очих” тухай асуудал болоод байна.

Улс төрийн “сандлын төлөөх” тэмцэл нийгмийн бүх анхаарлыг татаж байх зуур нийслэлийн утаа, шатахууны хомсдол, үнийн өсөлт, багш, эмч нарын цалин хөлс  зэрэг бодит асуудлууд улам дордсоор.

Төрийн түшээд “ард түмний төлөө” хэмээн ам уралдан мэдэгдэл хийдэг ч, тэр ард түмэн нь яг одоо шатахуундаа очерлож, гэр хорооллын иргэд нь угаатраж, орон сууцны иргэд нь  халаалтгүй байрандаа ханиалган амьдарсаар...Хүүхдүүд нь цэцэрлэг, сургууль үгүй цоожтой хаалганы цаана харгалзах том хүнгүй үлдсээр... Нийслэлчүүдийн хувьд утаа бол өвөл бүрийн зовлон, шатахуун бол өдөр бүрийн асуудал болжээ. Иргэд амьдралын чанар, амьжиргааны баталгааг хүсэж байхад төр бодит шийдэл бус, улс төрийн тохиролцоонд илүү анхаарч буй нь олон нийтийн итгэлд сэв суулгаж байна.

Энгийн иргэдийн хувьд “тогтолцооны шинэчлэл” гэдэг нь бензин тасрахгүй, утаа багасах, орлого нэмэгдэхтэй л холбоотой. Харин улс төрчдийн хувьд тэр шинэчлэл сандлын солилцоо, эрх мэдлийн дахин хуваарилалттай утга нэг болжээ.Бидэнд улс төрийн шоу биш, шийдэл хэрэгтэй. Учир нь нийслэлийн утаа, шатахууны хомсдол, инфляци, бухимдал — энэ бүгд төрийн сандалтай биш, иргэдийн амьдралтай шууд холбоотой билээ.

0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна