Сүүлийн өдрүүдэд Нэгүүн.мн сайтын редакцад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, техник хэрэгслийг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ямар эмзэг, дорой байдалд орсныг дахин нэг тод харууллаа. Уг үйл явдлын урд өдөр/2026.03.18/ тус сайтын сурвалжлах баг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт төрийн албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж, ёс зүйгүй авирлаж буйг баримтжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Тодруулбал Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нар ажлын байран дээрээ архидан согтуурч байх үед сурвалжилсан юм.
Сэтгүүлчийн ажил бол нийгэмд болж буй бодит байдлыг олон нийтэд хүргэх явдал. Харин энэ үүргээ гүйцэтгэсний төлөө өрөөндөө бие засаж байсан А.Сэрээтэр “чам дээр эрүү үүсгэнэ” гэж заналхийлсэн бөгөөд удалгүй баривчилгаа, нэгжлэг, техник хураалт явагдаж байгаа нь тохиолдлын давхцал гэхээсээ илүү ноцтой дохио юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс нэгүүн.мн сайтыг “удаа дараа бусдын эмзэг мэдээллийг нийтэлж, мөнгө нэхсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буйгаа мэдэгдсэн. Хэрэв үнэхээр ийм зөрчил байгаа бол хуулийн дагуу нээлттэй, ил тод шалгаж тогтоох ёстой. Гэвч үүний зэрэгцээ сэтгүүл зүйн байгууллагын бүх төхөөрөмжийг хураан авах, редакцын үйл ажиллагааг саатуулах зэрэг арга хэмжээ нь зөвхөн нэг хэргийг шалгах хүрээнээс давж, хэвлэлийн эрх чөлөөнд дарамт үзүүлж буй явдал юм.
Хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ?
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага төр, эрх мэдэлтэн, бизнесийн бүлэглэлээс хараат бус байдлаар мэдээлэл цуглуулж, шалгаж, олон нийтэд хүргэх боломжийг хэлдэг. Энэ нь зөвхөн сэтгүүлчдийн эрх биш—иргэн бүр үнэн мэдээлэл авах эрхийн баталгаа юм. Хэрэв хэвлэл чөлөөтэй биш бол нийгэм сохордог.
Яагаад эрх мэдэлтнүүд хэвлэлд оролцдог вэ?
Хариулт энгийн. Илчлэгдэхээс айдаг учраас. Эрх мэдэл, албан тушаал дагасан хариуцлагаас зайлсхийхийн тулд зарим улстөрчид, албан тушаалтнууд хэвлэлийн байгууллагыг дарамтлах, айлгах, эсвэл эрүүгийн хэрэг үүсгэх замаар дуугүй болгохыг оролддог. Ялангуяа өөрсдийн буруутай үйлдэл, авлига, ёс зүйн зөрчлийг илчилсэн сэтгүүлчдэд өс санах, тэднийг “сургамж авахуулж” бусдад айдас төрүүлэх оролдлого түгээмэл байдаг.
Сэтгүүлчийг хорих, дарамтлах нь ямар үр дагавартай вэ?
Нэгдүгээрт, энэ нь бусад сэтгүүлчдэд айдас төрүүлдэг. “Дараагийнх нь би байж магадгүй” гэсэн бодол редакц бүрт сууж эхэлбэл өөрөө өөрийгөө цензурдэх үзэгдэл газар авна.
Хоёрдугаарт, иргэд үнэн мэдээлэл авах боломжоо алддаг. Төрийн байгууллагын алдаа, авлигал, ёс зүйн доголдол нуун дарагдаж, нийгэмд шударга бус байдал гүнзгийрнэ.
Гуравдугаарт, хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл суларна. Хэрэв хууль зөвхөн сул дорой, шүүмжлэл гаргасан хүмүүсийн эсрэг үйлчилдэг мэт харагдвал энэ нь ардчиллын суурийг ганхуулдаг.
Эцэст нь хэлэхэд, хэвлэлийн эрх чөлөө бол ганц салбарын асуудал биш. Энэ бол ардчиллын амин судас. Хэрэв сэтгүүлч үнэнийг бичсэний төлөө шийтгэгддэг бол маргааш энгийн иргэн үнэнийг хэлсний төлөө шийтгэгдэх эрсдэлтэй болно.Иймээс аливаа мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцсэн, ил тод, хүний эрхийг хүндэтгэсэн байх ёстой. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь саатуулах, айлган сүрдүүлэх хэлбэр рүү хэлбийвэл энэ нь зөвхөн нэг редакцын асуудал биш АРДЧИЛСАН гэх Монгол улсын асуудал хөндөгдөх биз ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна