Сүүлийн үед залуусын дунд эрэлттэй болж буй “Гэст хаус”-ийн үйлчилгээг онцолж сурвалжиллаа. “Гэст хаус” гэдэг нь тусгайлан тохижуулсан байрыг олон хүнд нэгэн зэрэг, хямд үнээр түрээслэх үйлчилгээ юм. Түрээслэгчдээс хамаарч энэ төрлийн бизнес олон төрлөөр бий болж болдог. Зарим нь хаусыг өрөө өрөөгөөр нь түрээсэлдэг бол нөгөө нь нэг байранд олон ор байрлуулж ор оо түрээсэлдэг. Энэ нь ганцаараа нэг, хоёр өрөө байр түрээслэх боломжгүй оюутан залуус, эсвэл жуулчдад тохиромжтой байдаг. Эдгээр үйлчилгээ нь 1-30 хоногоор байршуулж мөнгө өө авдаг. Нэг байрд олон ортой “Гэст хаус”-ууд ихэвчлэн хүйсээр нь охид хөвгүүд гэж ангилж амьдардаг. Доторх зохион байгуулалт, тав тух, өрөөтэй эсэхээс хамаарч үнэ нь өөр өөр байх бөгөөд өдрийн төлбөр буудлаас арай хямд байдаг бол сарын төлбөр нь 200-600 мянган төгрөг байдаг аж.
Эдгээрийн дундаас нээгдээд удаагүй “Moncozy” гэст хаусыг зорьж, тэнд амьдрах оюутан залуустай уулзаж мэдээлэл солилцлоо. “Moncozy” гэст хаус 3,4-р хорооллын Э-мартын урд байрлах бөгөөд гурван давхар хаус байв. Хаусруу ороход тусдаа хашаатай, хашаан дотроо цэцэрлэгтэй байлаа. Нэг давхар нь л ойролцоогоор 70 орчим мкв хэмжээтэй. Энд гал тогоо, зочдын өрөө нойл хамтдаа байршиж байгаа нь харагдав. Зочдын өрөөнд тухлаг арьсан буйдангууд, зурагт, камен зуух, ширээ сандал байгаа бол гал тогоо нь стенкээр заагласан том хэмжээтэй байлаа. Харин хоёр гуравдугаар давхарт түрээслэгчдийн өрөөнүүд байлаа. Нэг өрөөнд 3-4 ор байршуулжээ. Энд нэг хүн сарын 500 мянган төгрөг төлөөд амьдардаг байна.
“Moncozy” гэст хаусын үйлчлүүлэч МУБИС-ийн 3-р дамжааны оюутан М.Ням-Эрдэнэ: Манай сургуулийн дотуур байр бүх оюутнуудад хүрэлцээгүй байдаг. Эхний хоёр жил дотуур байранд байсан учир шинэ оюутнуудаа авна гээд дээд дамжааныхан байргүй үлддэг. Энэ жил сургуульдаа ирээд дотуур байранд орж чадаагүй тул хоёр өрөө байр 1 сая 200 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Гэвч тэр байр маш тав тухгүй, хүйтэн хэр нь үнэтэй байсан. Тэгээд судалж байгаад энэ “Гэст хаус”-т ирсэн. Дотуур байрд 40-60 хүүхдүүд нэг гал тогоо хэрэглэдэг учир орой ирээд хоолоо хийж чадахгүй, хоосон хонох тохиолдлууд гардаг. Дээрээс нь их замбараагүй, бохир орчинд байдаг байсан. Энд ирээд том гал тогоотой цөөхүүлээ амьдардаг болохоор хамаагүй дээр санагдаж байна. Бас эдийн засгийн хувьд ашигтай.

“Moncozy” гэст хаусын үйлчлүүлэч ШУТИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Алтансүх: Би Увсаас ирсэн. Хотод ирээд хамаатан эсхүл найзындаа гээд айлуудаар амьдарч байсан. Бүүр Яармагт ч байж үзсэн. Тэгэхэд сургуулиас хол учир их цаг зарцуулж байсан. Тэгээд энэ намар судлаад “Гэст хаус”-т байрлаж болох юм гэж бодсон. Гэтэл одоо байгаа газрын зар гарч ирэхэд би луйвар байх, арай ч ийм гоё орчинд хямд үнээр байлгахгүй байх гэж бодсон. Тэгээд ирээд үзтэл үнэхээр үнэн, тав тухтай орчин байсан. Ингээд л намраас энд байж байна даа. Энд үеийнхээ залуустай найзууд болоод, тоглоод их гоё байдаг. Цаашдаа сургуулиа төгсвөл найз охинтой болоод хосоороо байх боломжтой ийм “Гэст хаус” олон байгаасай гэж хүсэж байна. Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болтлоо мөнгөө цуглуулаад тав тухтай, хямд үнэтэй байх газар их хэрэгтэй болно байх.

Тухайн “Moncozy" гэст хаус 22 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд өдгөө ачаалал бага байгаа тул нэг өрөөнд ганцаараа ч байх тохиолдол байдаг байна. Мөн энд чөлөөт цагаа өнгөрүүлэх теннис, загасны акуарум, гүйлтийн замтай. “Moncozy” гэст хаусын үүсгэн байгуулагч Ч.Галтмаа энэ санаагаа өмнө нь үл хөдлөх зуучлалын агентаар ажиллаж байхдаа олж авчээ. Анх бизнесээ эхлүүлэхдээ тэрбээр гаднын жуулчдыг зундаа хүлээн авах зориулалтаар хийсэн бол өвөлдөө оюутан залуус их сураглаж ирсэн учир гэрээ хийгээд хаустаа оруулах болжээ.
“Moncozy” гэст хаусын үүсгэн байгуулагч Ч.Галтмаа: Монголд гэст хаус үйлчилгээ дутмаг, байрны түрээс өндөр байгааг би олж анзаарсан. Тэгээд удаан хугацаагаар ирсэн жуулчид өдөр бүр өндөр үнэтэй буудалд байх тохиромжгүй байдгийг олж мэдсэн. Ингээд Япон явахдаа гэст хаус, кабел хауст байршиж ерөнхийдөө ямархуу стандартаар үйлчилж байгааг нь ажигласан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцээд ийм бизнес хийхээр болсон юм. Манай гэст хауст орсон оюутан залуусын гэр бүл, аав ээжтэй нь би тогтмол харилцаатай байдаг бөгөөд гэрээ хийгээд оруулдаг юм. Энд байршиж байгаа хүмүүс хэд хэдэн дүрмийг сайтар баримтлах ёстой байдаг. Шөнө 12 цагаас хойш орохгүй, гарахгүй, хүн дагуулж ирж хонохгүй, архи согтууруулах ундаа, тамхи татахыг хориглох гэх мэт энгийн дүрмүүдтэй. Манай гэст хаус бол ихэвчлэн гаднын жуулчдад чиглэж байгаа. Монголд ирж байгаа гаднын хүмүүсийг тав тухтай, хямд үнэтэй, сэтгэгдэл өндөр байрлаж байгаад буцаасай гэж хүсдэг. Ингэснээр эерэг сэтгэгдэлтэй буцсан жуулчид эх орондоо очоод бусдад хэлэх эсхүл өөрдөө дахин ирж манай улсыг чиглэх жуулчдын тоо өснө гэдэгт би итгэдэг.

Улаанбаатар хотод оюутны байрны хүрэлцээ муу байдгаас болж орон нутгийн хүүхдүүд өндөр үнээр байр түрээслэхээс өөр аргагүйд хүрдэг. Оюутнуудын хувьд нэг өрөө байрыг сарын 1-1.5 сая хүртэл төгрөгөөр түрээслэх нь эдийн засгийн хувьд хүндрэл үүсгэдэг. Тэгвэл гэст хаусын үйлчилгээ оюутан залууст тав тухтай хэр нь хямд тул эдийн засгийн хувьд ашигтай байдаг учир тэд ийм бизнес эрхлэгчид илүү олон байгаасай гэж хүсэх болжээ. Цаашид ч Улаанбаатар хотод зөвхөн оюутан гэлтгүй ажил хийдэг залуусын дунд өөрийн гэсэн үл хөдлөх автлаа хосоороо байж болох хямд үнэтэй, тав тухтай гэст хаусын үйлчилгээ эрэлттэй байх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна