“Эдийн засаг унаж, төрийн сан доголдож байхад Б.Жавхлан сайд дуугүй суусаар, тэр яагаад хариуцлагаас мултрав

Admin
2026/03/17

Монгол Улсын эдийн засгийн бодлогыг гардан хариуцаж буй Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой асуудлууд өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ, олон нийтийн дунд улам олон асуулт, шүүмжлэл дагуулсаар байна.

Өнөөдөр Монголын эдийн засагт тулгамдаж буй бодит асуудлуудыг харахад энэ асуултыг тойрч гарах аргагүй болжээ. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан санхүүгийн хүндрэлд орж, үйлчилгээний хүртээмж буурч байгаа нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж эхэллээ.

Сүүлийн үед Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох тухай улс төрийн яриа ил тод өрнөж байна. Тухайлбал, өчигдөр  Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл гарлаа. Өөрөөр хэлбэл, салбартаа үүссэн асуудлын өмнө улс төрийн хариуцлага хүлээх алхам хийж эхэлж байна гэсэн үг. Гэтэл Улсын эдийн засгийн бодлогыг зангидаж буй Сангийн сайд Б.Жавхлангийн хариуцлагын асуудал яагаад огт яригдахгүй байна вэ?

Өнөөдөр иргэдийн амьжиргааны зардал өссөн, өрхийн санхүү доройтсон, нийгмийн даатгалын тогтолцоо дарамтад орсон гэдгийг тоо баримтууд харуулж байна.

Тэр дундаа нийгмийн хамгийн чухал сангуудын нэг болох Эрүүл мэндийн даатгалын сан санхүүгийн доголдолд орж, иргэд үнэ төлбөргүй авах ёстой зарим үйлчилгээ хүртэл хязгаарлагдаж эхэлсэн гэх шүүмжлэл тасрахгүй байна.

Шинээр мэндэлсэн нярайгаас эхлээд өндөр настнууд хүртэл эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа хүндрэлтэй тулгарч, даатгалын сангаас шалтгаалсан саатал, санхүүжилтийн асуудал гарч буй талаар иргэд гомдол гаргасаар байна.

Энэ бол зүгээр нэг салбарын жижиг асуудал биш. Энэ бол Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны суурь асуудал билээ.

Мөн Сангийн сайд Б.Жавхлантай нь төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн нэг болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түүний хамаарал бүхий хүмүүс ажиллаж байгаа эсэх талаар асуулт, хардлага гарч ирсэн.

Хэрэв төрийн өндөр албан тушаалтны ойрын хамаарал бүхий хүмүүс стратегийн үйлдвэрүүдэд ажиллаж, нөлөө үзүүлдэг байдал бий бол энэ нь ашиг сонирхлын зөрчлийн ноцтой асуудал болж хувирна. Төрийн өмч бол хэн нэг улс төрчийн хүрээллийн ашиг сонирхлыг хангах талбар биш юм.

Нэг талд салбарт тулгараад буй нөхцөл байдлаас шалтгаалж зарим сайд нар улс төрийн хариуцлагаа ярьж, бүр өөрсдөө ажлаа өгөх хүсэлтээ гаргаж эхэлж байна.

Харин нөгөө талд улсын эдийн засгийн бодлогыг гардан хариуцаж буй Сангийн сайд Б.Жавхлан чимээгүйхэн “ичээндээ орсон” мэт нам гүм байна.

Эдийн засгийн хүндрэл, нийгмийн сангуудын доголдол, төсвийн дарамт энэ бүхний төвд Сангийн яам байсаар атал хариуцлагын асуудал яагаад тойрч өнгөрөөд байна вэ?

Сангийн сайд Б.Жавхлан яагаад улс төрийн хариуцлагаас үргэлж мултарсаар ирэв? Тэр ямар “дархлаатай” сайд вэ?

Энэ бол зөвхөн нэг хүний тухай асуудал биш. Энэ бол улсын төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангуудын тогтвортой байдалтай холбоотой том асуудал.

Тиймээс асуултыг шууд тавья. Ерөнхий сайд Г.Занданшатар аа, Сангийн сайдын хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна