Дэлхий дахинд цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Монголд ч интернэтээр алсын зайнаас зээл авах төрөл бүрийн боломжууд нээгдсэн. Энэ нь хүний цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой ч нөгөө талаар эмзэг зээлийн апп, хувийн мэдээллийг алдсанаас болж цахим гэмт хэргийн золиос болох тохиолдлууд гарч байна. Энэ төрлийн цахим гэмт хэргийн хохирогчтой ярилцлаа. Тухайн иргэний өмнө нь ажиллаж байсан компани 30 ажилчдынхаа хувийн мэдээллийг задруулж, И-Монголиа цахим системээр нь нэвтэрч, нэр дээр нь зээлийн апп-аас их хэмжээний мөнгө зээлж хохироожээ.
-Таны нэр дээр гэмт этгээд олон төрлийн зээл авсан болохыг та хэзээ мэдсэн бэ? Одоогоор гэмт этгээд хэдэн төгрөг таны нэр дээр зээлсэн бэ?
-Миний нэр дээр гэмт этгээд 8 сая гаруй төгрөг зээлсэн байгаа. Би 2024 оны 10 дугаар сард ХХБ банкнаас зээл авах гээд хүсэлт гаргахад “Таны нэр дээр олон төрлийн хаагдаагүй зээл байна. Цалингийн зээл гаргах боломжгүй” гэсэн. Тэгээд би банкнаас асууж байгаад И-Монгол апп руу нэвтэрч зээлийн мэдээллээ харахад зургаан банк бусаас зээл авсан байсан. Би өмнө хэзээ ч банк бусын апп-аас зээл авч үзээгүй байсан. Энэ бол миний хувьд үнэхээр цочирдом мэдээлэл байсан. Тэгээд би хувийн хэрэгцээнд авах зээлээ авч чадаагүй.
-Одоо процесс ямар шатанд явж байгаа вэ? Энэ тухай хуулийн байгууллагад хандсан уу?
-Цагдаагийн газар хандсан. Миний гомдол шат дарааллаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба руу явсан. 2024 оны аравдугаар сард цагдаад хандсан гэхээр нэлээн урт хугацаанд энэ процесс үргэлжилж байна. Миний хуучин ажиллаж байсан байгууллагын 30-аад ажилтан энэ гэмт хэргийн хохирогч болсон байсан. Заримаас нь гурван сая, надаас 8 сая гаруй төгрөг зээлсэн байна билээ. Гэмт хэрэгтэн манай компанийн нягтлангийн компьютерээс бидний мэдээллийг аваад И-Монголиа цахим системд нэвтрээд, банк бус санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл авч, гэмт этгээд өөрийн цахим данс билүү тийш шилжүүлээд покер тоглосон байсан. Энэ хэрэг олон хохирогчтой учраас мөрдөн шалгах ажиллагаа маш удаашралтай явж байсан. Харамсалтай нь энэ хэргийг үйлдсэн этгээд нас барсан гэдэг утгаар прокурорт хаагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл миний зээлийн мэдээллийн сан цэвэрхэн болоогүй, банк бусуудтай шүүхдэх гээд явж байна.
-Тэгэхээр таны нэр дээр зээл гаргасан банк бус санхүүгийн байгууллагууд хохирогч гэдэг нь нотлогдсон хүнээс мөнгө өө нэхэмжилж байгаа хэрэг үү?
-Мөрдөн шалгах явцад тодорхойгүй байдал үүсэх нь ойлгомжтой. Өнөөдөр БЗД-ийн прокурорын албан ёсны тодорхойлолт гарсаар байтал банк бус санхүүгийн байгууллага хуулийн дагуу ажиллахгүй “Намайг энэ мөнгийг төлөх ёстой” гээд зарим бүүр алданги гээд их хэмжээний хүү бодогдчихсон явж байна. Би энэ хугацаанд хоёр удаа анхан шатны шүүхэд дуудагдсан. Уг нь хэрэгтэн нь ил болчхоод байхад хохирогчоос нэхээд банк бус санхүүгийн байгууллага шүүхэд дуудаад байгаа нь энэ.
-Таны хувийн мэдээллийг алдсан компани ямар нэгэн хариуцлага хүлээсэн үү?
-Үгүй. Одоо би компаниас хувийн мэдээллээ алдсан гэх нотлох баримтыг цуглуулж байгаа. Удахгүй энэ тухай хуулийн байгууллагад хандах болно. Компанийн хувийн мэдээллийг алдсан нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт хүн өөрөө өөрийнхөө И-Монголиа системээр нэвтрээгүй байхад гэмт этгээдүүд ямар амархан нэвтэрч зээл авч байгаа нь чухал асуудал. Одоо хүн бүр зээлийн апп-руу ороод И-Монголиа системээр нэвтрээд шууд мөнгө авч болж байна. Яагаад энэ банк бусын апп-ууд хүнийг өөрийг нь гэж нотлох нүүр таних систем, хурууны хээ зэргийг ашиглаж найдвартай болгож чадахгүй байгаа нь асуулт дагуулсан. Дээрээс нь Монгол улсын бүх иргэний эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, өвчний түүх, санхүүгийн чадамж, хаяг, гэр бүл гээд нэгдсэн мэдээллийг агуулдаг И-Монголиа ийм эмзэг, амархан халдаж болж байгаад санаа зовж, айж байна. И-Монголиа системд иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар байгаа. Үүнийг ашиглаад амархан зээлийн апп-уудаас мөнгө авч болж байна. Үнэхээр төрд итгэх итгэл маань алдарсан.
-Гэмт этгээд таны бүртгэлээр зургаан банк бусын апп-аас зээл авсан гэлээ. Та тухайн байгууллагуудад хохирогч болсон талаар холбогдож, уулзсан уу? Танд ямар хариу өгч байна?
-Би цагдаагийн байгууллагад ийм хэргээр шалгуулсан гэх бичиг аваад ББСБ-уудын чат, мэйлээр тэр дор нь хүргүүлсэн. Гэтэл эндээс хамгийн эхэнд миний асуудлыг шийдэж өгсөн ганц л ББСБ байгаа. Энэ бол “Ард капитал”. Бараг арван хоногийн дотор “Таны асуудлыг шийдэж, зээлийг тань хаалаа” гэж хариу өгсөн. Бусад таван ББСБ мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлээ төлөхийг шаардаж байсан. Зарим нь “Хувийн мэдээллээ алдсан нь таны буруу тул төл” гэх шаардлага надад тавьсан. Нөгөөх нь “Манай программ хүний оролцоогүй тул хариуцлага хүлээхгүй” гэдэг хариулт өгсөн. ББСБ-ууд хэрвээ зээл гэмт хэргийн шинжтэй байвал зээлийн дүнг эрсдэлийн сангаараа хаах ёстой зохицуулах журам байдаг юм билээ. Гэтэл зарим нь үүнийг биелүүлэхгүй, ёс зүйгүй хандаж байгаа. Тэгэхээр ББСБ-ууд яг хууль, журмын дагуу иргэдтэй харилцаж чадаж байгаа эсэх дээр Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй нь харагдсан.
-Бусдад энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлүүлж, цахим системүүдийн дутагдалтай талыг шүүмжилж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Хамгийн гол нь би өөрт тулгарсан энэ асуудлаар компаниуд ажилчдынхаа хувийн мэдээллийг сайтар хамгаалж, Банк бус санхүүгийн байгууллага, И-Монголиа системийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг олж харсан. Үүнийг холбогдох байгууллагууд, иргэд гээд бүх шатанд анхаарах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна