Ерөнхий сайд Г.Занданшатар аа, Сангийн сайд Б.Жавхлангийн хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

Admin
2026/03/14

Монгол Улсын эдийн засгийн бодлогыг зангидаж буй Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой асуудлууд өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдсэнгүй. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн хүндрэл олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.

Төрийн зүгээс эрчим хүч, дулаан, цахилгааны асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэнд, Ерөнхий Боловсролын сургуулийн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр нарт хариуцлага тооцох тухай яригдаж эхэлсэн. Гэтэл улсын эдийн засгийн бодлогыг хариуцдаг Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд яагаад хариуцлагын асуудал огт хөндөгдөхгүй байна вэ?

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг доройтож, иргэдийн амьжиргаа улам хүндэрч буйг эдийн засгийн үзүүлэлтүүд харуулсаар. Гэтэл нийгмийн хамгийн чухал сангуудын нэг болох Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт доголдож, иргэд үнэ төлбөргүй авах ёстой зарим үйлчилгээ хүртэл хязгаарлагдаж эхэлсэн гэх шүүмжлэл гарсаар байна.

Шинээр мэндэлсэн нярайгаас эхлээд өндөр настнууд хүртэл эрүүл мэндийн даатгалын сангаас шалтгаалсан хүндрэлд өртөж, шаардлагатай үйлчилгээ, эмчилгээгээ цаг тухайд нь авч чадахгүй байгаа тухай гомдол тасрахгүй байна.

Ийм нөхцөл байдал үүссэн байхад салбарын бодлогыг хариуцаж буй Сангийн сайд яагаад хариуцлага хүлээх асуудал яригдахгүй байна вэ? Тэр ямар давуу эрхтэйгээр улс төрийн хариуцлагаас байнга мултарсаар ирсэн бэ?

Энэ бол зөвхөн нэг сайдын тухай асуудал биш. Харин Монгол Улсын төсөв, нийгмийн хамгааллын тогтолцооны тогтвортой байдалтай холбоотой ноцтой асуудал юм. Тиймээс иргэд өнөөдөр нэг л асуултыг тавьж байна: Ерөнхий сайд Г.Занданшатар аа, Сангийн сайдын хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна