Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхий даяар шатахууны шатахууны үнэ нэмэгдээд байна. Учир нь Иран дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан. Дэлхийн улс орнуудад шатахууны үнэ хэр хэмжээгээр өссөнийг харцгаая.
Америкийн автомашины холбооны (AAA) сайтаас харвал АНУ-д энгийн буюу A87 шатахууны үнэ галлон (3.7 литр) нь дунджаар 3.79 ам.доллар байгаа аж. Энэ нь сарын өмнөх 2.917 ам.долларын үнэтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Зарим мужуудад шатахууны үнэ галлон нь 4 ам.доллар давсан бол Калифорнид хамгийн өндөр буюу 5.542 ам.доллар хүрчээ.
150 улс орны шатахууны үнийн мэдээллийг цуглуулдаг “Global Petrol Prices” сайтын нийтэлсэн тоо баримтад “Al Jazeera” агентлаг дүн шинжилгээ хийсэн байна. АНУ, Израил хоёр дайн эхлүүлснээс хойш 150 орны 85-д нь шатахууны үнэ өссөн гэдгийг “Al Jazeera” илрүүлжээ.
Ормузын хоолой хаагдсаны улмаас шатахууны үнэ өсөж буй явдалд Азийн орнууд хамгийн хүчтэй нэрвэгдэж байна. Япон, БНСУ хоёр тус тус газрын тосныхоо импортын 95 болон 70 хувийг Персийн булангийн орнуудаас авдаг. Тус хоёр улс эрчим хүчний зах зээлээ тогтворжуулахын тулд яаралтай арга хэмжээ авсан юм. Тодруулбал Япон гуравдугаар сарын 8-нд улсын нөөцөөсөө газрын тос гаргахад бэлтгэж эхэлсэн. Харин БНСУ бензин, дизель түлшний үнэд дээд хязгаар сүүлийн 30 жилд анх удаа тавьсан байна.
Зүүн өмнөд Азийн орнууд шатахууны хомсдолын улмаас ажлын дөрвөн өдөрт шилжиж, иргэдийг гэрээсээ ажиллахыг уриалах болсон. Гэрээс гарах шаардлагатай тохиолдолд нэг чиглэлийн иргэд олуулаа машинд сууж явахыг мөн иргэддээ уриалсан юм.
Шатахуун, газрын тосны үнэ нэмэгдэх нь инфляцын өсөлтөд шууд нөлөөлдөг. Дэлхийн түүхэнд газрын тосны салбар томоохон цочролд орох үед инфляц өсөж, ажилгүйдэл нэмэгдэн стагфляц үүсдэг. Ормузын хоолойн хямрал удаан үргэлжилбэл стагфляц үүсэх эрсдэлтэй гэж эдийн засагчид эмээж байна.
Хүн ам нь орлогынхоо их хувийг хүнсэнд зарцуулдаг, их хэмжээний үр тариа болон бордоо импортолдог бага орлоготой улсуудын хувьд газрын тосны үнэ өсөх нь хамгийн хүнд тусна.
Газрын тосыг дан ганц шатахуун үйлдвэрлэхэд ашигладаггүй. Ус, ундаа, хүнсний баглаа, утасны гэр, зүү тариур зэрэгт ашигладаг бүх хуванцрыг газрын тосноос гаргаж авдаг. Мөн хувцас үйлдвэрлэлд ашигладаг синтетик материал, уруулын будаг өө дарагч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг гэх мэт гэр ахуйн бүтээгдэхүүнүүд бүгд газрын тосонд суурилсан найрлагатай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна