Дархлагдсан Б.Батцэцэг сайд ба ядарсан төрийн албан хаагчид үзүүлсэн төрийн төмөр нүүр

Admin
2026/05/14

Саяхан олны бухимдал, зэвүүцлийг төрүүлсэн нэг явдал боллоо. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн гэж эмэгтэйд 48 сая төгрөгийн авлига авсных нь төлөө 13 жилийн ял оноогоотхов. Тавь гаруй насны эмэгтэйд 13 жил гэдэг бол бүх насаар нь хорьсноос өөрцгүй хүнд ял. Ийнхүү Монголын төр ямар ч ар талгүй, ядарсан төрийн албан хаагчид авлигын түүхэн дэх хамгийн хүнд шийтгэлийг оноочихлоо. Авлига авсан бол шийтгэл хүлээх ёстой. Үүнийг үгүйсгэх хэн ч байхгүй. Гэхдээ Монгол төрийн авлигыг цавчих шударга ёсны илд сайд дарга нарыг тойрч, ядарсан төрийн албан хаагч дээр л буусан учраас олон нийт энэ кейсийг зэвүүцэн хүлээж авсан юм. Л.Бямбасүрэнг ялласан шийдвэр АТГ, цагдаа, шүүх, төрийн гурван өндөрлөг, УИХ гээд бүгдийг өмнөө сөхрөөсөн задарсан  сайдын луйвар хэвлэлээр дэлгэгдэж байгаа үетэй давхацсан болохоор иргэд ингэтлээ бухимдсан хэрэг.

 Бүгдийн дээр заларсан тэр задарсан сайдыг Б.Батцэцэг гэдэг. Монгол улсын Гадаад харилцааны яамыг арван жилийн турш атганаасаа суллаагүй дархлагдсан эмэгтэй. Б.Батцэцэг сайд болсноосоо  хойш өнөөг хүртэл  “Мөнхийн үсэг”, “Азхур”, “Монголын үнэт цаас хэвлэл” компаниудаараа дамжуулж  төрийн хамаг том тендерийг хамсаар ирсэн, өнөөдөр ч хамсаар байна. Сайдын энэ 3 компани 2014-2024 он хүртэл төрийн 76 тендерийг хамсан байдаг.

 Гадаад харилцааны сайдын зохион байгуулсан хамгийн том луйврыг одоо хэлж өгье. Гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” компанид эзэн суусныг нь хэвлэлүүд баримттайгаар илчилсээр байна. Энэ компанийн 49 хувийг Б.Батцэцэг сайдын хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан Н.Цэрэндолгорын “Мигасон” компани эзэмшдэг. Н.Цэрэндолгор одоо ч сайдтай маш ойр ажилладаг, сайн муу хамаг ажлыг нь зохицуулж явдаг гэж ойрын хүмүүс нь ярьцгаадаг. Ингээд харахаар гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн 49 хувийг ямар ч шалгаруулалтгүйгээр авсан  “Мигасон” компанийн цаасан дээрх эзэн нь Н.Цэрэндолгор, яг жинхэнэ босс нь Б.Батцэцэг сайд болж таарч байна.

 Хамгийн ноцтой нь Гадаад харилцааны сайд эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн 49 хувийг аваад ханасангүй. Төрийн өмчит компанийн захирлаар нь ч өөрийнхөө хүнийг томилуулсан байдаг. Түүний томилуулсан хүн болох Э.Ариунгэрэл  нь Б.Батцэцэг сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг  “Монгол үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар ажиллаж байсан хүн юм.

 

Гадаад паспорт хэвлэдэг төрийн онцгой обьектод хүмүүсээ шургуулсан Батцэцэг сайдын эзэрхийлэл ингээд дууссангүй. “Төрийн үнэт цаас хэвлэл” компани байгуулагдсанаас дөрвөн сарын дараа “Жордан топпен трейд” гэдэг компани байгуулсан байдаг. Тэр компанийн цаасан дээрх захирал нь Б.Сувдмаа. Мөн л Батцэцэг сайдын хүн. “Мөнхийн үсэг”-т олон жил нягтлангаар ажилласан, сайдын хүүгийн байгуулсан “Ви Эс Эм” компанийн хувьцаа эзэмшигч байсан намтартай нэгэн. Гэр бүлээрээ сайдын компанид ажилладаг, одоо ч нөхөр нь Б.Батцэцэгийн компанид ажилладаг гэсэн мэдээлэл чих дэлсдэг. Нэрэн дээрээ Л.Сувдмаа, нидэр дээрээ Б.Батцэцэг гэдэг эзэнтэй  “Жордон топпен трейд” компани гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанид гурван жил дарааллан ямар ч тендергүйгээр 41.5 тэрбум төгрөгийн бараа нийлүүлсэн байна.

“Мөнхийн үсэг”-т нягтлангаар ажилласнаас өөр туршлагагүй Баянхонгор нутгийн эмэгтэй ямар ч түүхгүй, ямар ч оффисгүй шив шинэ компани байгуулангуутаа төрийн компанид хэдэн арван тэрбумын бараа шахсан гэвэл хэн ч итгэхгүй. Ард нь Гадаад харилцааны сайд байсан учраас Л.Сувдмаагийн компани ийм дархан эрх эдэлснийг ямар ч гэнэн хүн олоод харчихна. Б.Батцэцэгийн ард бүр том хүн байдаг учраас Гадаад харилцааны сайд эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанид ингэж даам гарч, эзэн суусан биз!

Эцэст нь нэг зүйлийг зориуд онцолъё. Монгол төрийн авлигчдыг шийтгэх хууль Б.Батцэцэг мэтийн төрөөс өчнөөн тэрбумаар нь идэж уудаг сайд дарга нарт огт үйлчлэхгүй мөртлөө хэдхэн саяын авлига авсан төрийн ядарсан албан хаагчид л  туйлын хатуу үйлчилж байна. Ямар ч ар талгүй ядарсан төрийн албан хаагчид 13 жил хорих ял өгдөг хэрнээ  тендергүйгээр  завшсан  тэрбум тэрбумын хулгай нь баримттайгаа илэрсэн Б.Батцэцэг сайдад ядаж л “Ажлаа өгөөд шалгуул” гэж хэлэх эрх мэдэлтэн алга уу?!

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна