СУРВАЛЖИЛГА: Хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн хийсэн бүтээлүүд зах зээлийн үнээс 5-10 дахин хямд үнээр худалдаалагдаж байна

А.Булганчимэг
2026/05/05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжүүлэх, авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор тэдний урласан гар урлал, уран зургийн “УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ жилийн “УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2” үзэсгэлэнд хүмүүжигчдийн урласан төмөр модон урлал, эсгий бүтээгдэхүүн, чулуун шатар, бүтэн сийлбэртэй гэр, уран зургууд гэх 196 бүтээлийг тавдугаар сарын 4-8-ний өдрүүдэд “Монголын Уран Зургийн Галерейд” олон нийтэд нээлттэй толилуулж байна. Хүмүүжигчдийн бүтээлүүд зах зээлийн үнээс 5-10 дахин хямд үнэтэй худалдаалагдаж байна. Тухайлбал, 170-900 мянгаар худалдаалдаг гар хийцийн эсгий гутал энд 75 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Иргэд эдгээр бүтээлүүдээс нээлттэй худалдан авалт хийж, захиалга өгөх боломжтой аж.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдэнд 20 гаруй мэргэжил эзэмшүүлж, хөдөлмөрт сургаж байна. 

Ингэснээр хүмүүжигчид хорих ял аа эдлээд шоронгоос гарсны дараа ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хорих ангид байхдаа хийсэн бүтээлээ зарж, гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг болгон өгөх, гэм хорын хохирлоос нь хасах зэрэг олон ач холбогдолтой. Түүнчлэн хорих ял эдэлж буй хүмүүжигчид бүтээл туурвин, хөдөлмөр хийж мөнгө олж, гэр бүлдээ дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн харилцаа сайжирч, итгэл нэмэгдэж, сэтгэл санаанд ч эергээр нөлөөлж байгааг алба хаагчид дурдлаа. Цаашдаа ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдийг олон талаар дэмжсэн “УХААРАХУЙ, УРЛАХУЙ” үзэсгэлэнг жил бүр тогтмол зохион байгуулахаар болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна