“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн баг болон Тим Уилкоксоор ахлуулсан Рио Тинтогийн хэлэцээрийн багийг Оюу толгойн уурхайн цогцолбортоо хүлээн авч, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаа танилцуулсан байна.
Энэ үеэрээ Оюу толгойн барьж байгуулсан гүний уурхайн дэд бүтцийг ашиглан “Онтрэ” компанийн эзэмшил бүхий лицензийн талбайг олборлох нь бүх талуудад харилцан ашигтай шийдэл болохыг албаныханд онцоллоо. "Онтре” компанийн эзэмшдэг Шивээ толгойн лицензийн талбай нь Оюу толгойн гүний уурхайн олборлолт хийгдэж буй Хойд Хюго ордын үргэлжлэл хэсэг буюу газрын гүнд сунаж тогтсон нэг хүдрийн биет юм.
Татварын нөхөн ногдуулалтын актын талаар “Оюу толгой” компанийн мэдэгдэл
Татварын ерөнхий газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “Оюу толгой” компанийн 2021–2022 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 220 сая ам.долларын татварын акт, 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт ойролцоогоор 440 сая ам.доллар (1.6 их наяд төгрөг)-ын татварын нөхөн ногдуулалтын акт ирүүлсэн. Хэдийгээр “Оюу толгой” компани энэхүү татварын акттай санал нийлэхгүй байгаа ч уг актаар ногдуулсан 1.6 их наяд төгрөгийг татварын хуульд заасны дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн.
Татварын ерөнхий газраас “Оюу толгой” компанид гурван удаагийн татварын акт ногдуулсныг Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани хоёр талын зөвшилцлөөр 2020 онд Лондон хотын Олон улсын арбитрын шүүхэд хандсан бөгөөд арбитрын процесс үргэлжилж байна.
Тус татварын акт нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ) болон холбогдох татварын хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа тул “Оюу толгой” компани 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад байна.
Цаашид татварын маргааны асуудлаар шийдэлд хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай нээлттэй хэлэлцэж, хамтран ажиллахад бэлэн байна.
“Оюу толгой” компани нийт 18 төрлийн татвар, төлбөр, хураамж төлдөг. Үүнээс дөрвөн төрлийн татвартай холбоотой маргаан үүссэн бөгөөд энэ нь нийт төлж буй татварын ойролцоогоор 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, төлбөрөө хугацаанд нь бүрэн, хариуцлагатай төлж ирсэн. Тодруулбал, 2010 оноос хойш нийт 14.4 их наяд төгрөг буюу 5.5 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төрлийн төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна